НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүн орон сонгогдлоо


Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүн орныг сонгох нууц санал хураалт Нэгдсэн Ассамблейд зохион байгуулагдлаа.Ирэх оны 1-р сараас эхлэн 2 жилийн хугацаанд Аюулгүйн зөвлөлд байнгын бус гишүүний хувиар ажиллах таван орноор Бахрейн, Конго, Либери, Колумб, Латви улсууд сонгогдсон байна. Нууц санал хураалтын дүнгээр Бахрейн 186, Конго 183, Либери 181, Колумб 180 болон Латви улс 178 санал цуглуулснаар ийнхүү дээрх таван улс сонгогдон ажиллахаар боллоо. НҮБ-ын шинэ дүрмийн дагуу АЗ-н байнгын бус таван шинэ гишүүн орныг жил бүр 2 жилийн хугацаатай сонгодог болсон бөгөөд мягмар гарагт сонгогдсон дээрх 5 улс 2026 оны 1-р сард өмнө сонгогдсон Алжир, Гайана, Өмнөд Солонгос, Сьерра Леоне, Словени улсуудыг орлох болно. ЗХУ задран унасны дараа тусгаар тогтнолоо зарлаж байсан Латви улсын хувьд ийнхүү түүхэндээ анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнд байнгын бус гишүүний хувиар сонгогдон ажиллахар болж байна. Тус улсын гадаад хэргийн сайд Байба Браже сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Латви улс АЗ-н байнгын бус гишүүний үүргээ хүлээж, Украины дайны асуудал болон бусад бүс нутгийн зөрчилдөөний асуудлуудыг зохицуулах ажлыг гүйцэтгэхдээ бэлэн гэдгээ илэрхийлжээ.Мөн Арабын бүс нутгийн төлөөлөл болж АЗ-н байнгын бус гишүүнээр сонгогдсон Бахрейн улсын гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль Заяни хэлэхдээ, Бахрейн улс АЗ-д хоёр дахь удаагаа сонгогдсон нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад идэвхтэй хувь нэмэр оруулах шийдвэр зоригийг бататгаж байна гээд, Ойрхи Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох гол тулгын чулуу нь олон арван жил үргэлжилж байгаа Палестин-Израилын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх явдал юм хэмээн хэлжээ.Орос-Украин, Израил-Хамас зэрэг олон улсын сүүлийн үеийн зөрчил мөргөлдөөнд дорвитой арга хэмжээ авч чадахгүй, байнгын гишүүд болох ОХУ, Хятад, АНУ зэрэг улсууд өөрсдийн ашиг сонирхолтой тогтоолын асуудалд хориг тавьдаг зэргээс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шүүмжлэх явдал ихэссэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *