Украин улс ОХУ-ын барьж босгосон Крымын гүүрийг дэлбэлснээ зарлав


Украины Аюулгүй байдлын албаны зүгээс ОХУ-ын барьж босгосон томоохон бүтээн байгуулалтын нэг болох Оросыг Крымын хойгтой холбодог Крымын гүүрийг дэлбэлж, амжилттай халдлага хийсэн талаараа зарлан мэдээлжээ.Тус албанаас мэдээлснээр Крымын гүүрийг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө дэлбэлсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас гүүрний усан доорх баганууд “ноцтой” гэмтсэн гэжээ. Мөн дэлбэрэлтийн улмаас энгийн иргэд амиа алдаж, хохирол амсаагүй хэмээн мэдээлсэн байна. Мөн “олон сарын турш” төлөвлөж, бэлдэн зохион явуулсан энэхүү тусгай ажиллагааны явцад гүүрний тулгуур багануудыг 1.1 тонн тэсрэх бодис ашиглан дэлбэлсэн гээд бичлэг, зургийн хамт нийтэлжээ.Уг тусгай ажиллагааг Украины Аюулгүй байдлын албаны дарга, дэслэгч генерал Васил Малюк удирдан зохион байгуулсан байна. Тэрээр мэдэгдэлдээ Крымын гүүрийг Оросын зэвсэгт хүчин цэрэг болон зэвсгийн хангамжаа тээвэрлэхэд ашигладаг тул Украин улсын хувьд хууль ёсны бай болсон хэмээн тодотгожээ.Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мягмар гарагт Крымын гүүрийг түгжрэлийн улмаас түр хаасан ч дараа нь нээсэн гэж мэдээлсэн бол удалгүй орон нутгийн эрх баригчдын зүгээс гүүрийг хэсэг хугацаанд түр хааж байгааг мэдэгдсэн юм. Түүнчлэн Крымын гүүрийг дэлбэлсэн хэмээн Украины талаас хийсэн мэдэгдлийн хариуд Москвагийн зүгээс хараахан хариу мэдэгдэл хийгээгүй байна. Крымын гүүрийг албан ёсоор Керчийн гүүр хэмээн нэрлэдэг бөгөөд ОХУ 2014 онд Украины Крымын хойгийг эзлэн авч, өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд багтаан оруулсны дараа тус гүүрний барилгын ажлыг эхлүүлж, 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сүр дуулиантайгаар нээж байсан юм. Ийнхүү Украины аюулгүй байдлын алба ОХУ-ын 5 муж дахь зэвсэгт хүчний баазуудад дроноор цохилт үзүүлж, Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг сөнөөсөн “Аалзны тор” хэмээх томоохон цохилтыг үзүүлснээс 48 цаг хүрэхгүй хугацааны дотор дараагийн томоохон цохилтыг Крымын хойгт үзүүлээд байна. Түүнчлэн уг цохилтыг хоёр тал Туркийн Истанбул хотноо гал зогсоох асуудлаар явуулсан хоёр дахь шатны шууд яриа хэлэлцээний маргааш өдөр нь явуулаад байна. Даваа гарагийн шууд яриа хэлэлцээнээс ахин олзны цэргүүдийг солилцохоос өөр дорвитой үр дүн, ахиц дэвшил гараагүй билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *