Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор дараагийн Ерөнхий сайдын сунгаа яригдаж эхэлж байна. Хуулиар бол дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох учиртай. Шинэ Ерөнхий сайдад хэн томилогдохыг парламентын олонх МАН парламентад танилцуулах учиртай. Тэгэхээр МАН-ын бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах процесс эхний ээлжид өрнөнө гэсэн үг. 400 гаруй гишүүнтэй бага хурал шинэ засгийн газрыг нь хэн тэргүүлэхээс эхлээд танхимыг дангаараа байгуулах уу эсвэл бусад жижиг намуудтай хамтрах уу гэдэг сонголтыг хийх учиртай. Шинэ Ерөнхий сайд тодорсны дараа танхимынхаа бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Харин дараа нь шинэ засгийн газар бүтцээ УИХ-д танилцуулж батлуулах процесс өрнөнө гэсэн үг.
Гэхдээ одоогийн байдлаар галт тэрэг хөдлөөгүй буюу дараагийн Ерөнхий сайд хэн байх нь тодорхой биш байна. МАН -ын нөлөө бүхий гишүүдийн зүгээс Ерөнхий сайдын амбиц гаргаж яваа ямар ямар түшээ байгаа талаар таамаглалыг сонирхъё.

Улс төрийн хүрээнд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээн нэрлэгдэж байгаа хүн бол Гомбожавын Занданшатар. Л.Оюун-Эрдэнийг огцруулах хүчтэй дэмжлэг үзүүлсэн Төрийн тэргүүний төлөөний хүн гэж нэрлэхэд буруудахгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын алба хашдаг тэрээр 2024 оны сонгуульд унахаасаа өмнө УИХ-ын даргаар ажиллаж байсан нөлөөтэй улс төрч. Нам доторх бусад лидерүүдээсээ харьцангуй нэр цэвэр. Түүнийг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэх магадлал Ерөнхийлөгчөөс гарч магадгүй гэсэн таамаглал улс төрийн хүрээнд яригдаад багагүй хугацаа өнгөрч байна.

Ерөнхий сайд болох эсэхэд нэр нь аль эртнээс яригдаж эхэлсэн дараагийн хүн бол Ням-Осорын Учрал. Өдгөө 38 настай тэрээр 2 удаа сайдын алба хашаад үзчихсэн төдийгүй дараагийн Ерөнхий сайдаар ажиллах том амбицтай улс төрчдийн тоонд зүй ёсоор багтаад буй. Түүнийг Ерөнхийлөгч дэмжих магадлал бий. Гэхдээ харьцангуй нас залуу цус шингэн түүнд МАН-ын бага хурал итгэл хүлээлгэх эсэхийг таахад бэрх.

Шинэ Засгийн газрыг тэргүүлэх магадлалтай лидерүүдийн тоонд Сайнбуянгийн Амарсайхан яригдаж байна. Олон нийтийн дунд дэмжлэг муутай ч Д.Амарбаясгалангийн ачаар МАН-ын бага хуралд шаггүй нөлөөтэй гэдэг. Түүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шадар сайдаар ажиллаж байх үеэсээ дараагийн ЗГ-ыг тэргүүлэх амбиц нь цухалзаж эхэлсэн тухай цуурхал бий.

Монгол улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллах амбиц гаргаж байж болзошгүй өөр 1 улс төрч бол Баттөмөрийн Энхбаяр. Түүнд мөн л төрийн тэргүүний дэмжлэг бий гэгддэг. Б.Энхбаярын хувьд У.Хүрэлсүхийн засгийн газарт Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын албыг хашиж байсан түүхтэй. Намын байгууллагад ажиллаж явснаа огцом дээшилж, Их хуралд нэр дэвшиж дэд сайдын суудал авсан Б.Энхбаяр нь МАН-ын даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн. Харин Миеэгомбын Энхболдыг намын даргаас нь түлхэн унагаж байх үед Б.Энхбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхийн албыг хашиж байжээ. Тэгэхээр магадгүй бүлгийн зөвлөхөөс дэд сайдын алба хүртэл ахисан шат нь Миеэгомбын Энхболдын эсрэг ажилласны шагнал байхыг үгүйсгэх аргагүй. Ямартаа ч одоо Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлэгч гишүүдийн төлөөлөл болж явааг нь түмэн мэднэ.
Шинээр томилох Ерөнхий сайдад нэр дэвшихээр улс төрийн арга залиа уралдуулж яваа дээрх эрхмүүдээс Монгол улсын 34 дэх Ерөнхий сайд төрөх магадлалтай. Цаг хугацаа явж эхэлсэн. Дараагийн Ерөнхий сайд 29 хоногийн дотор тодорно.
2 responses to “34 дэх Ерөнхий сайдад хэн хэн горилж байна вэ?”
Энэ Энхбаяр бол дарга болоод харилцаа нтр авах юмгүй пээдгэр болсон бн лээ.
энэ 4-с өөр хүн олдохгүй юм байх даа?