Энэ долоо хоногийн даваа гарагт Пакистаны нийслэл Исламабад хотноо 17 настай нийгмийн сүлжээний инфлюнсер охиныг гэрт нь буудан хороосон аймшигтай хэргийг үйлдсэн 22 настай эрэгтэйг баривчилсан талаараа Пакистаны цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.Тус мэдэгдэлд гэмт этгээд Instagram, TikTok-ийн инфлюнсер Сана Юсафын гэрт нь дайран орж, түүнийг хоёр удаа буудан хороогоод, гар утсыг нь хулгайлаад зугтаасан гэжээ. Эрх баригчдын зүгээс гэмт этгээдийг 22 настай Умар Хаяат гэгч болохыг зарлаж, мөн тэрээр хэргээ хүлээсэн гэдгийг мэдээлсэн байна. Хэрэг гарах үед хохирогч Сана Юсаф эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө нас барсан бол гэмт этгээдийг эрж хайх ажлыг нийслэл Исламабад хот болон Пунжаб мужийн хэмжээнд цаг алдалгүй явуулж, 113 хяналтын камерыг шалгасны эцэст хохирогчийг хөнөөсөн галт зэвсэг, хулгайд алдагдсан гар утас болон эцэст нь сэжигтэнг олж илрүүлсэн байна.Пунжаб мужийн Файсалабад хотоос гаралтай Умар Хаяат нь нэлээд нэр алдартай төрийн албан хаагчийн хүү бөгөөд эрх баригчдын зүгээс Умар Хаяатыг инфлюнсер охинд тавьсан найзлах саналыг нь хүлээж аваагүйн улмаас амийг нь хороосон гэж үзэж байгаа ажээ.Харин түүнд алуулсан инфлюнсер Сана Юсаф нь Instagram дээр хагас сая дагагчтай, TikTok дээр сая гаруй дагагчтай байсан ба өнгөрсөн долоо хоногт тэрээр төрсөн өдрийнхөө бялууг зүсэж буй хамгийн сүүлчийн бичлэгээ Instagram-даа нийтэлж байжээ. Түүний эцэг Сайед Юсаф Хассан охиноо айлын ганц хүүхэд байсныг хэлж, маш зоригтой охин байсан хэмээн дурсжээ. Сана Юсафыг харамсалтайгаар амиа алдсан явдалд олон зуун мянган дагагчид нь эмгэнэл илэрхийлсэн бол мөн түүний нийгмийн сүлжээн дэх инфлюнсерын үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан байна.
Пакистаны өсвөр насны инфлюнсерыг буудан хороосон эрэгтэйг баривчилжээ
