Трамп, Путин нар утсаар ярилцжээ


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар холбогдон ярилцсан талаараа өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгдлээ.Энэ нь Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Путинтай утсаар холбогдон ярилцсан дөрөв дэх удаагийн яриа болов.Тэдний яриа нэг цаг 15 минут үргэлжилсэн бөгөөд “хэдийгээр сайн яриа байсан боловч шууд энхийн гэрээн хэлэлцээнд хүргэх харилцан яриа байгаагүй” хэмээн Д.Трамп хэлсэн байна.Тэд сүүлд шуугиан тариад буй Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг устгасан Украины халдлага болон Орос, Украины харилцан явуулж буй довтолгооны тухай ярилцсан ба Путин Украины сүүлийн үеийн довтолгооны хариуг барина гэдгээ маш хүчтэй хэлсэн талаар Трамп анхаарууллаа.ОХУ-ын албаныхан энэ талаар тайлбар хийхээс татгалзсан ч Москвагийн зүгээс өмнө нь цэрэг, зэвсгийн хариу үйлдэл үзүүлэх сонголт байгаа талаар мэдэгдэж байсан юм. Оросын төрийн өмчит РИА Новости мэдээллийн агентлагийн мэдээлснээр Путин Трампад “Украин улс яриа хэлэлцээнд саад тотгор учруулахыг оролдож байгаа ба Киевийн засгийн газар террорист байгууллага болж хувираад байна” хэмээн хэлсэн гэжээ.Трамп, Путин нар мөн АНУ, ОХУ-ын хоёр талын харилцааг сэргээн хөгжүүлэх тал дээр өөрсдийн байр суурийг солилцсоноос гадна Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан байна. Трамп Иран улс цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэдэг дээр Америк, Орос улсууд тохиролцсон гэдэгт итгэж, найдаж байгаагаа хэлж, Путиныг түүнд Ирантай яриа хэлэлцээ хийхэд өөрийн биеэр оролцож, магадгүй тохиролцоонд хүрч, эерэг үр дүн авчрахад тус болж болох юм хэмээн хэлсэн гэжээ.АНУ-ын зүгээс Иран улсыг баяжуулсан ураны бүхий л үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь бүс нутгийн консорциумаас нийлүүлэлтийн асуудлаа шийдэх саналыг өнгөрсөн амралтын өдөр явагдсан хоёр талын яриа хэлэлцээний үеэр тавьсан бол Ираны дээд удирдагч Аяатолла Хаменей АНУ-ын дээрх саналыг шүүмжилж, Иран улс ураны баяжуулалтаа зогсоохгүй хэмээн мэдэгдсэн билээ.Ийнхүү Трамп, Путин нарын утасны ярианаас ОХУ Украинд томоохон хариу цохилт үзүүлж болзошгүй гэдэг нь тодорхой болж, Трамп Оросыг тэвчээртэйгээр харж, хүлээж байгаа нь илэрхий боллоо. Трамп хоёр талын энхийн яриа хэлэлцээн дэх зуучлагчийн үүргээсээ татгалзах эсэх болон мөн АНУ Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах эсэх нь олны анхаарлын төвд ороод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *