Японд төрөлтийн тоо 2024 онд хамгийн доод түвшинд хүрч, анх удаа 700 мянгаас доошилжээ


Япон улсын засгийн газар өнгөрсөн жил төрөлтийн тоо хэмжээ хамгийн доод түвшинд хүрч, 1899 онд статистик мэдээг гаргаж эхэлснээс хойш анх удаа тус улсад нэг жилийн хугацаанд төрсөн хүүхдийн тоо 700 мянгаас доошилсон болохыг мэдэгджээ.2024 онд Япон улсад 686,061 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 41,227-оор буурсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тус улсад төрөлтийн тоо хэмжээ ийнхүү есөн жил дараалан буурсан үзүүлэлттэй гарч байна. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгээс төрөлтийн тоо хэмжээ 2039 он хүртэл 680,000-гаас буурахгүй гэж тооцоолжээ.Мөн Япон улсын Эрүүл мэндийн яамнаас эмэгтэйчүүдийн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн тоо өнгөрсөн онд 1.15 болж, 2023 оныхоос 0.05 пунктээр буурч, түүхэн доод хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэн байна.Төрөлтөөс гадна өнгөрсөн оны нас баралтын статистикийг танилцуулсан бөгөөд 2024 онд Японд нас барсан хүний тоо 1,605,298 байсан нь өмнөх оныхоос 29,282 хүнээр нэмэгдэж, мөн л шинэ дээд амжилт тогтоожээ. Үүний үр дүнд төрөлт, нас баралтын харьцаагаар тооцож гаргадаг хүн амын нийт бууралт 919,237 болсон нь түүхэн дэх хамгийн том бууралт болсон байна.Төрөлт буурч байгаа нь залуу үеийнхэн болон хожим гэр бүл болж, хүүхэдтэй болох хандлагатай байгаатай холбоотой гэж тус яамнаас тайлбарлаж, эдгээр статистик тоо нь олон жилийн туршид төрөлт огцом буурч байгаа хямралыг илэрхийлж байгааг тодотгоод, үүнийг таслан зогсоох арга хэмжээ авахаа мэдэгдэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *