Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох Родон Шинмүн сонины баасан гарагийн дугаарт өнгөрөгч сард нээлтийн ёслолын үеэрээ эвдэрсэн шинэ байлдааны сөнөөгч усан онгоцыг засч янзлан, амжилттайгаар ахин нээж, далайд гаргасан талаар бичсэн байна.
Эргэн сануулахад, 5000 тонн жинтэй, үйлдвэрлэлтээс гарсан цоо шинэ байлдааны сөнөөгч усан онгоцыг нээх ёслолын арга хэмжээ өнгөрсөн сарын сүүлээр явагдсан ба арга хэмжээний үеэр усан онгоцны ёроолын хэсэгт асуудал үүсэж, тэнцвэрээ алдан тэнгисийн усанд хажуу бөөрөөрөө унаж осолдсон нь хиймэл дагуулын зургаар баталгаажиж байсан юм.
Тухайн үед БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дээрх ослыг “эрүүгийн гэмт хэрэг” хэмээн тодорхойлж, ослын хариуцлагыг холбогдох хүмүүс үүрэх ёстой хэмээн хатуухан мэдэгдэж, мөн энэ сарын сүүлээр зохиогдох эрх баригч намын төв хорооны томоохон хуралдааны өмнө усан онгоцны эвдэрлийг засч, сэргээн босгохыг үүрэгдсэн.
Тэгвэл дээрх эвдрэл осол гарснаас хоёр долоо хоногийн дараа ийнхүү шинэ байлдааны усан онгоцыг засварлан, тус улсын зүүн хойд хэсгийн Чонжин боомтын ойролцоох тэнгисийн усанд байршуулсан байна. Үүнийг мөн баталгаажуулсан хиймэл дагуулын зургийг Америкийн Planet хиймэл дагуулын оператор компанийн зүгээс нийтэлсэн байна.
Умард Солонгосын Родон Шинмүн сонинд бичсэнээр засварын багийнхан усан онгоцыг 6-р сарын эхээр засварлаж дуусгасан бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт Чонжин боомтын зогсоолд хөлөг онгоцыг бэхэлсэн гэжээ.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын сонинд мэдээлснээр засварын багийнхан хөлөг онгоцыг тус улсын зүүн хойд хэсэгт орших Ражин усан онгоцны зогсоол руу зөөвөрлөж, 7-10 хоногийн хугацаанд гадна будаг гэх зэрэг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Энэ сарын сүүлээр зохиогдох эрх баригч намын хурлаас өмнө хөлөг онгоц бүрэн сэргээгдэх төлөвтэй байна гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг давхар мэдээлсэн байна.
