Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдээд буй.Тэгвэл төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан өөрийн цахим хаягаар дамжуулан албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэх хүрээлэн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ төлөөлөн удирдах зөвлөлдөө хүргүүлсэн.ТУЗ үдээс хойш хуралдаж шийдвэрээ гаргаж нийслэлд шийдвэрээ мэдэгдэнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүлээж авсан газар нь бүрэн бүтэн, энэ тэнд ямар нэгэн тавьсан өр ширгүй, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, борлуулалт нь дүүрэн байдалтай хүлээлгэн өгч байна.
Энэ жилийн баяр наадмын хувьд цэнгэлдэх хүрээлэнгээс шалтгаалах засвар үйлчилгээний ажлууд хэвийн явж байгаа бөгөөд энэ жил ямар нэгэн алдаа дутагдал байхгүй сайн төлөвлөлттэй наадам болно гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг товч байдлаар олон нийтэд удахгүй танилцуулах болно. Салбарын ажлын туршлагыг маань сүүлийн үед нэр бүхий хүмүүс буруу ташаа байдлаар нийгэмд тасралтгүй мессеж цацаж байгаа нь ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдвэрлэлээ.
Цаашид төлөөлөгчийн ажлаа анхаарч ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд итгэл үзүүлэн ажилласан нийслэлийн удирдлагууд болон хамтран зүтгэсэн ажлын хамт олондоо баярлалаа. Хийсэн ажлуудыг маань урам зориг өгч дэмжиж байсан иргэддээ баярлалаа.
