Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвасын өмнөд хэсгээс хоёр барьцааны хүний цогцсыг олсон талаараа мэдэгджээ.
Тус мэдэгдэлд 2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн зүгээс Израилд гэнэт халдан довтлох үеэр амиа алдсан гэр бүлийн хоёр барьцааны хүн болох 70 настай Жүди Вейнштейн Хаггай болон түүний нөхөр 72 настай Гади Хаггай нарын цогцсыг Газын зурвасын Хан Юнис хотоос олж, Израилд буцаан авчирч, задлан шинжилгээнд оруулсан гэжээ.
Түүнчлэн өндөр настай гэр бүлийн хосуудыг Мужахидин Бригад бүлэглэлийн алан хядагчид хороосон хэмээн мэдэгдэлд дурьдсан байна. Тэдний цогцсыг Газад олзлогдсон палестин цэргийг байцааж шалгаах арга замаар олсон мэдээллийн дагуу олсон гэжээ.
Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху эхнэрийн хамтаар Жүди болон Гади Хаггай нарын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлснээ мэдэгджээ.
Өдгөө Газын зурваст, Хамасын барьцаанд 56 хүн байгаагаас 20 нь амьд гэж үзэж байгаа юм.
Анх 2023 оны 10-р сард Хамас бүлэглэл 251 хүнийг барьцаалж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 199 барьцааны хүнийг эргүүлэн авснаас 148 хүнийг амьдаар нь буцааж авсан.
Харин Израил-Хамасын дайнд Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо 54,677 хүрсэн ба сүүлийн 3 сарын дотор 4400 гаруй хүн амь үрэгдсэн талаар Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Хоёр талын хооронд гал зогсоох асуудлаар АНУ-аас гаргасан санал санаачлагыг сөргөлдөгч талууд хүлээж аваагүй тул өнгөрсөн долоо хоногт явагдсан гал зогсоох ээлжит шинэ гэрээний яриа хэлэлцээ амжилтгүй болсон билээ.
