Ши Жиньпинтэй худалдааны асуудлаа утсаар хэлэлцсэний дараа Трамп Хятадад айлчлахаа зарлав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп пүрэв гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар холбогдож, хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцсэн байна.

Трамп Ши Жиньпинтэй “маш үр дүнтэй яриа” хийснээ онцолж, хоёр талын харилцаа жигдрэх замдаа орж, худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ “сайн” байгаа хэмээн мэдэгджээ.

Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “бид худалдааны нарийн төвөгтэй асуудлуудаа зассан” гээд, цаашдын яриа хэлэлцээг тэдний төлөөлөгчдийн багийнхан үргэлжлүүлэхээр тохиролцсон гэжээ.  

Түүнчлэн биечлэн нүүр тулж уулзах урилгуудыг харицлан хүлээж авсныг мэдээлсэн байна. “Ши Жиньпин намайг Хятадад айлчлахыг урьсан, би түүнийг Америкт айлчлахыг урьж, бид хоёулаа урилгыг хүлээн авсан тул миний бие тэргүүн хатагтайн хамт Хятадад айлчилж, түүнийг ч гэсэн Хятадын тэргүүн хатагтайн хамт манай улсад айлчилна гэдэгт найдаж байна” хэмээн Д.Трамп Цагаан ордны Зууван танхимд ХБНГУ-ын Канцлертай хийсэн уулзалтын үеэрээ хэлсэн байна.

Хоёр их гүрний удирдагчдын пүрэв гарагт хийсэн яриа нь Трампын өнгөрсөн 2-р сард эхлүүлсэн худалдааны дайнаас хойш тэдний хоорондох анхны яриа байлаа. Мөн Трампын ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаан дахь анхны хэлэлцээ боллоо.

Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагаан ордны хүсэлтийн дагуу Трамп, Ши нар утсаар холбогдон ярилцсан гэжээ. Мөн БНХАУ-ын Ши Жиньпин Трампад хандаж Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тус улсын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ цуцлаж, зогсоохыг шаардсан гэжээ. Тэрээр хоёр талын хооронд Женев хотноо байгуулсан тохиролцоонд Хятад улс үргэлж үнэнчээр амлалтаа биелүүлж ирснийг онцолсон байна.

Талууд харилцан импортын тарифаа нэмэгдүүлсний эцэст тарифын хувь хэмжээгээ буулган, 90 хоногийн хугацаанд яриа хэлэлцээ явуулах завсарлага авсан боловч бие биенээ тохиролцоог зөрчсөн хэмээн буруутгасан билээ.

Түүнчлэн тэрээр Д.Трампад аливаа зөрчил үүсэхээс сэргийлж, Тайванийн асуудал дээр болгоомжтой хандахыг анхааруулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Цаг хагасын хугацаанд үргэлжилсэн Трамп, Ши нарын яриа хоёр талын худалдааны асуудал дээр голчлон үргэлжилснээс гадна газрын ховор элементийн эргэн тойрон дахь төвөгтэй асуудлаа шийдвэрлэсэн “хоёр улсын хувьд маш эерэг үр дүнтэй” хэлэлцээ болсон хэмээн Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа пүрэв гарагт нийтэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *