2027 онд Энэтхэг улсад хүн амын тооллого явуулахаар болсон талаар тус улсын засгийн газраас мэдэгдлээ.
Ийнхүү 6 жил хойшлуулсны эцэст тус улс 2027 онд хүн амын нэгдсэн тооллогыг хоёр үе шаттайгаар явуулахаар болсон байна.
Анх 2021 онд хүн амын тооллогыг явуулах ёстой байсан боловч хэд хэдэн удаа хойшлуулсан ба Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хойшлуулсан шалтгааныг ковидын цар тахалтай холбон тайлбарлаж байсан юм.
Энэтхэг улсад хамгийн сүүлд 2011 онд хүн амын нэгдсэн тооллогыг явуулж байжээ.
Лхагва гарагт Энэтхэгийн Дотоод яамнаас гаргасан мэдэгдэлд ээлжит хүн амын тооллогыг 2027 оны 3-р сарын 1-ний өдөр эхлүүлэн хоёр үе шаттайгаар явуулах болно гэжээ.
Гималайн нурууны бүсэд орших Уттараханд, Химачал Прадеш мужууд, Ладах, Жамму, Кашмирын бүс нутгуудад хүн амын тооллогыг 2026 оны 10-р сарын 1-ний өдөр явуулахаар тогтсон байна.
Түүнчлэн орчин үеийн Энэтхэг улсын түүхэнд анх удаа хүн амын тооллогын үеэр кастын мэдээллийг цуглуулахаар болсныг засгийн газраас мэдээллээ. Хамгийн сүүлд хүн амын тооллогын үеэр кастын мэдээллийг цуглуулах арга хэмжээ 1931 онд, Британийн колоничлолын үед явуулж байсан ажээ.
10 жил тутамд явагддаг Энэтхэг улсын хүн амын тооллого нь дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд халамжийн хөтөлбөрийг төлөвлөх, холбооны санхүүжилтийг хуваарилах, сонгуулийн хил хязгаарыг тогтоох, бодлогын гол шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой мэдээллээр хангадаг байна.
