Сонгууль ажиглах Азийн жишиг төвийг Монголд байгуулна


Сонгуулийн ерөнхий хороо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад Сонгууль ажиглах Азийн жишиг төв байгуулахад хамтран ажиллах юм.

Уг санамж бичигт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Касас-Замора нар Швед улсын Стокхолм хот дахь Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төв байранд 6 дугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Эл ёслолд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Лина Рикила Таман болон албаны төлөөлөгчид байлцлаа.

Сонгууль ажиглах Азийн жишиг төв нь ардчилсан, шударга сонгуулийг ажиглах зарчим, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, ажиглалтын арга зүйг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний үндсэн дээр шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон ажиглагчдыг чадавхжуулах, сонгууль ажиглалтын тайлан, зөвлөмжийн чанарыг сайжруулах зорилготой бүс нутгийн төв болон ажиллах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *