УИХ-ын чуулганы танхим дахь Ерөнхий сайдын суудлыг доошлуулж, парламентын гишүүдтэй зэрэгцүүлэхээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хууль санаачилжээ. УИХ дахь АН-ын бүлгийг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр тэрхүү сандал суудлын учрыг тодрууллаа.
-Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай нэг эгнээнд суулгахгүй, суудлыг нь доор байлгая гэдэг нь агуулгын ямар ач холбогдолтой вэ? Хэлбэрийг өөрчлөх нь агуулгын ямар өөрчлөлт авчрах юм бэ?
-Олон улсад тогтсон парламентын ардчиллын энгийн жишиг. Парламентын танхимд тусгай суудалтай байдаг Ерөнхий сайд алга. Тэр дундаа парламентынхаа толгой дээр гараад, индэр засуулаад, дээшээ гараад чуулган даргалагчийн түвшинд очиж суудаг жишиг бүүр байхгүй. Тийм учраас олон улсынхаа жишгийг дагах ёстой. Сандал суудал дээш доош болгож байгаа нь хэлбэр төдий асуудал биш. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. УИХ хэнтэй ч уулзахгүйгээр Ерөнхий сайдыг томилно, огцруулна. Ерөнхий сайд ЗГ-ыг удирдаж, УИХ-ын өмнө төрийн хууль биелүүлэх ажлыг хариуцна. Тэгэхээр өөрөө томилогдож хариуцлага хүлээдэг, ажлаа хариуцдаг хүн нь хариуцлага тооцдог байгууллагынхаа толгой дээр гарч сууж ерөөсөө болохгүй. ЗГ-ынхаа толгой дээр гарч суух нь түүний эрх. УИХ-ын толгой дээр гарч сууж болохгүй.
Дээр нь парламент олонх, цөөнхөөрөө ажлаа явуулдаг. Дотроо үзэл бодлоо илэрхийлэхээс гадна мэтгэлцдэг. 1 нь даргалагчийн байр сууринаас толгой дээр суугаад, бусад нь доороос нь гуйж, үг хэлэхийг мэтгэлцээн гэж хэлэхгүй. Энийг бол удирдах, удирдуулах эсвэл тушаах, тушаалгах гэдэг үгээр илэрхийлнэ. Мэтгэлцэх бол ижил түвшинд суудаг.
Үндсэн хуулийн дэг журам гэж ойлголт байдаг. Үндсэн хуулийн дэг журам алдагдаад ирэхээр Үндсэн хуулийн байгууллага нурж унадаг. Монгол Улсад Үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдлийн зааг, дэг журам энэ байдлаараа бол алдагдчихжээ. Үндсэн хуулийг сэргээн тогтоох, дэг журмыг мөрдүүлэхийн тулд парламентын чуулганы зохион байгуулалт, суудлын хуваарийг шинэчилж хийхээс өөр аргагүй байна.
One response to “Х.Тэмүүжин: Парламентын танхимд тусгай суудалтай Ерөнхий сайд хаана ч алга”
АНУ ын элчинд мэдээгээ дамжуулдаг хүн дээ. хүзүүгүй дэмжинэ гэсэн амлалтандаа хүрсэнгүй гээд гомдолтой бсанаа мартаа юу