ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж байгаа явдал нь ОХУ-ын хувьд “аюул заналхийлэл” огтхон ч биш хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр Оросын зэвсэгт хүчин Украины эсрэг довтолгоогоо үргэлжлүүлсээр байх болно гээд, Украины ерөнхийлөгч В.Зеленскийг хууль ёсны төрийн тэргүүн гэдгийг үгүйсгэсэн байна.
Путин хэлэхдээ, “ОХУ өөрийн зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хүчин чадлаа зогсолтгүй нэмэгдүүлж, шинэчилж байдаг” гээд, хэдийгээр НАТО-гийн төсөв нэмэгдэж байгаа нь Орост “тодорхой зарим сорилтыг учруулах” боловч НАТО-гийн гишүүн орнууд төсөв санхүүгээ цэрэг, зэвсгийн салбарт үрэн таран хийж байгаа нь “ямар ч утгагүй зүйл” хэмээн хэлжээ. Тэрээр “бид бүхий л аюул заналхийллийг сөрөн зогсох болно, үүнд эргэлзэх хэрэггүй” гэжээ.
Ирэх долоо хоногт Нидерландын Гаага хотноо НАТО-гийн томоохон чуулга уулзалт зохиогдохоор болоод байгаа бөгөөд энэхүү чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дарамт шахалтан дор НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж, ДНБ-ий 5%-ийг батлан хамгаалах салбартаа төсөвлөдөг болох асуудлыг голлон хэлэлцэхээр болоод байгаа юм.
Киевийн зүгээс мөн энэ дайныг төгсгөж, энхийн гэрээ байгуулахад НАТО-гоос аюулгүй байдлын баталгааг эрэлхийлж байгаа билээ.
Энэ үеэр дайн үргэлжилсээр байгаа бөгөөд талууд сүүлийн үед агаарын цохилтоо нэмэгдүүлсээр байна. Лхагва гарагт Украины нийслэл Киев хотод үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас хамгийн багадаа 28 хүн амь үрэгдсэн талаар Украины эрх баригчдын зүгээс мэдээллээ. Оросын тал Украины орон сууцны барилгууд, сургуулиуд, эмнэлгүүд гэх зэрэг иргэний барилга байгууламжид олон тооны цохилт өгч, олон энгийн иргэд амь насаа алдаад байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагийн мэдэгдэлдээ түүний зэвсэгт хүчин Украины иргэний байршлуудыг онилж цохилт өгөөгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.