Францын парламентын зүгээс өөрийн улсын засгийн газрыг Номхон далайн өмнөд хэсгийн Полинезийн арлуудад 30 жилийн турш явуулсан цөмийн зэвсгийн туршилтуудад уучлалт гуйж, эрүүл мэндээрээ хохирсон тус арлын оршин суугчдад нөхөн төлбөр олгохыг шаарджээ.
Францын Полинез, ялангуяа тус бүлэг арлуудын Моруроа болон Фангатауфа шүрэн арлуудад 1966 оноос хойш явуулсан цөмийн бөмбөгийн туршилтууд, тэдгээрийн олон арван жилийн хугацаанд оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг нөлөөг судалсан тайлангаа Францын парламент мягмар гарагт танилцуулсан байна.
Франц улс дээрх бүлэг арлууд дээр 1966 оноос нийт 193 удаа цөмийн бөмбөг дэлбэлж туршсанаар өөрийн орны цөмийн зэвсгийн нөөцийг бүрдүүлсэн байдгийг дээрх судалгаагаар тогтоогдсон ба үүнд цөмийн зэвсгийн газар доорх болон агаармандалын туршилтууд багтжээ.
Дээрх туршилтуудын улмаас Францын хилийн чанад дахь нутаг дэвсгэрт хэдэн арван мянган хүн цацраг туяанд өртөж, нийгмийн эрүүл мэндийн томоохон хямралд хүргэсэн гэж үздэг.
Туршилтад оролцсон арлын оршин суугчид болон цэргийн албан хаагчид Францын засгийн газраас тэдний эрүүл мэндийн асуудал, тэр дундаа хорт хавдрын улмаас нөхөн төлбөр олгохыг шаардаж байна.
Францын парламентын доод танхим буюу Үндэсний Ассамблейн зүгээс өнгөрсөн жил цацрагийн хохирогчдын талаарх судалгааг эхлүүлснээ ийнхүү мягмар гарагт тайлагнаж, улмаар тухайн бүлэг арлууд дээр цөмийн туршилт явуулж байсан Францын засгийн газар болон Номхон далайн туршилтын төвийг хариуцлага хүлээх ёстой гэдгийг тодотгосон байна.
Судалгааны тайланг Францын парламентын гишүүн Мереана Рейд Арбело сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд танилцуулсан байна.

Францын парламент мөн энэхүү тайлангаас гаргасан зөвлөмжийн дагуу Полинез арлаас уучлалт хүсэх, хохирогчдод нөхөн төлбөр өгөх зэрэг холбогдох арга хэмжээг авах ажлуудыг хуулийн хүрээнд үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр болжээ.