Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглох 512 бөхийн бүртгэл эхэллээ.
Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийг хамруулах уг бүртгэл Монгол бөхийн өргөөнд энэ сарын 7-9-ний өдрүүдэд 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэх, цээж зурагтай ирэх шаардлагатайг зохион байгуулагчид анхаарууллаа.

Харин өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд цахим үнэмлэх, гадаад паспорт эсвэл И-Монголиа аппликейшнээс авсан төрсний бүртгэлийн лавлагааны аль нэг, хоёр хувь цээж зурагтай хамт авч ирэх шаардлагатай. Бүртгэл хоёр өдөр 09:00-16:00 цагийн хооронд явагдана.
Мөн Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүд болон бөхийн гал, дэвжээний багш, дасгалжуулагч нарт зориулсан онлайн сургалт зохион байгуулжээ. Сургалтаар допингийн эсрэг эрх зүйн зохицуулалт, хориглосон бодисын жагсаалт, эерэг шинжилгээний үр дагавар, урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн байна.
