Ой, хээрийн түймэр, үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдсэнээс 26 иргэн осолдож амиа алджээ. Эдгээр иргэдийн найм нь хүүхэд байна.
Ж.Дамдинсүрэн: Хүүхдээ хараа хяналтгүй орхиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд сэлсэн зөрчлүүдээс болж усны осол гарч байна. Онцгой байдлын Ерөнхий газраас томоохон гол, мөрөнтэй аймгуудад завьтай эргүүл ажиллуулж эхэлсэн. Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гол усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
П.Соронзонболд: Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 8 түймэр бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 13 түймрийг Онцгой байдлын алба хаагчид унтраахаар ажиллаж байна. 2 түймрийг цурманд оруулсан, 11 түймрийг унтраахаар ажиллаж байна. БЗД-ийн 33-дугаар хороо буюу Шар хоолойн аманд шар өвсний түймэр гарсныг унтраасан. Ой хээрийн хуурайшилтын улирал дууссан боловч байгальд хэвээр байна. ОБЕГ-аас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэсээр байхад ард иргэд санамсаргүй, болгоомжгүйгээс болж түймэр тавьж буй нь ой хээрийн түймрийн тохиолдлын тоо буурахгүй байна.
