Тайванийн F4 хамтлаг тайзнаа эргэн ирэв


2001 онд дэлгэцнээ гарч байсан “Meteor Garden” буюу “Солирын од” цувралаараа алдаршиж байсан Тайванийн F4 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа эргэн ирж тоглон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан байна.

F4 хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Ванесс Ву, Вик Чоу, Кен Чу нар өнгөрсөн бямба гарагт зохиогдсон Тайванийн Mayday хэмээх рок хамтлагийн тоглолтын дундуур бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч ирж, дээрх цувралын “Meteor Rain” хэмээх хит уран бүтээлээ дуулсан байна. 

Тайпэй Арена цогцолборт цугларсан 40 мянган үзэгч бүгд F4 хамтлагийн дууг даган дуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан бөгөөд энэ нь хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч ирж дуулснаас гадна мөн энэ оны 2-р сард уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан, “Солирын од” киноны гол дүр болох Сан Цай-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Барби Шу-г дурсан санагалзсан сэтгэлийн илэрхийлэл байлаа. 

Японы “Boys Over Flowers” хэмээх манга бүтээлээс сэдэвлэсэн Тайванийн телевизийн цуврал нь F4 хамтлагийн гишүүд болон жүжигчин Барби Шу-г Азид алдаршуулж байсан ба тус цувралыг 2005 онд Японд, 2008 онд Хятадад, 2009 онд Өмнөд Солонгост, 2021 онд Тайланд улсад ахин бүтээсэн байдаг билээ.

Телевизийн цувралтай зэрэгцэн байгуулагдсан F4 хамтлаг 2009 онд тарж байсан бол тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ахин нэгтгэж, тайзан дээр гаргахад олон жилийг зарцуулсан талаараа Тайванийн Mayday хамтлагийн ахлагч Ashinярьсан байна. 

F4 хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчдийн зүгээс хамтлагийг эргэн нэгдэхийг уриалсаар байгаа бөгөөд Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэднийг ирэх жил 25 жилийн ойгоо тэмдэглэж, тоглолт хийнэ хэмээн мэдээлж байгаа ч үүнийг нь хамтлагийн уран бүтээлчид болон тэдний харъяалагддаг агентлагууд баталгаажуулаагүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *