Олон улсын худалдаа, эдийн засгийн өрсөлдөөн болон Оросын түрэмгийллийг сөрөн зогсох, мөн ковидын цар тахлын үед тавьсан томоохон өр зээлийг дарахад зориулж, шинэчлэн боловсруулсан Европын Холбооны 2 их наяд еврогийн урт хугацааны “данхар” төсвийн төслийг лхагва гарагт танилцуулсан байна.
Төсвийг боловсруулсан Европын Комиссын зүгээс батлан хамгаалах болон сансрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд 451 тэрбум евро, дайнд нэрвэгдсэн Украин улсын нөхөн сэргээлт болон аливаа хямралын үед хэрэглэхээр зохицуулсан шинэ “сан”-гийн үйл ажиллагаанд зориулж 100 хүртэлх тэрбум еврог төсөвлөжээ.
Эргэн сануулахад өмнөх төсөв буюу ЕХ-ны 2021-2027 оны төсвийг 1.2 их наяд евро орчим байсан юм.

Европын Комиссын зүгээс боловсруулсан ЕХ-ны 2028-2034 оны хоорондох 2.3 их наяд еврогийн төсвийг харамсалтай нь Герман улс “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнчлэн газар тариалан эрхлэгч фермерүүдийн холбоодын зүгээс ч мөн тэдэнд олгодог татаасын хэмжээг бууруулсан дээрх төсвийн төслийг эсрэг байгаагаа илэрхийлсэн байна.
ЕХ-ны төсвийн томоохон хэсгийг бүрдүүлэгч ХБНГУ-ын зүгээс гаргасан мэдэгдэлд “бүх гишүүн орнууд үндэсний төсвөө нэгтгэн боловсруулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед ЕХ-ны төсвийг бүхэлд нь нэмэгдүүлэхээр болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй”гэжээ.
Түүнчлэн Герман улс 100 сая еврогийн эргэлттэй компаниудыг илүү татвар төлөхийг уриалсан Европын Комиссын уриалгыг эсэргүүцсэн байна. Герман улсын хувьд энэхүү төсвийн төслийг хэт их хэмжээтэй байгааг эсэргүүцэж байгаа бол Европын парламентын олон хууль тогтоогчид уг төсвийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ХАА-н салбарт олгох татаас зэрэг өмнө нь төсвийн ихэнх хувийг эзэлдэг байсан салбаруудад олгох хөрөнгийн хэмжээ буурсан талаар гомдоллож, буруутгасан байна.
Европын Комиссын боловсруулсан 2.3 их наядын “данхар” төсөв батлагдах эсэхийг Европын парламент болон 27 гишүүн орон хоёр жилийн хугацаанд хэлэлцэх бөгөөд урт хугацаанд өрнөх хэлэлцээний эхлэл ийнхүү энэ долоо хоногт тавигдлаа.