АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын төрийн тэргүүнийг импортын нэмэлт тариф болон эдийн засгийн хориг арга хэмжээгээр сүрдүүлэн, 50 хоногийн хугацаанд Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг ахин уриалсан байна.
Тэрээр даваа гарагт НАТО-гийн гишүүн орнуудын хөрөнгөөр Украинд нэмж олон тооны зэвсэг нийлүүлэхээр төлөвлөснөө зарлахын сацуу түүний олгосон хугацаанд гал зогсоохгүй бол ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьж, 100%-ийн тариф ногдуулах болно хэмээн мэдэгдсэн юм. Шинэ хоригийн тухайд тэрээр ОХУ-тай худалдаа явуулж, Оросоос бараа бүтээгдэхүүн импортлодог улс орнуудад тариф ногдуулна хэмээн сүрдүүлсэн билээ.
Тэгвэл Д.Трамп мягмар гарагт Цагаан ордны гадна сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, “Бид ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй цаашид юу болохыг харах болно, одоогийн байдлаар би ерөнхийлөгч Путинд маш сэтгэл хангалуун бус байна, би энэ бүх эмх замбараагүй байдлыг зохицуулахыг оролдож байна” гэжээ.
Мөн тэрээр “50 хоногийн дараа гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол нөхцөл байдал хүндэрч, муудах болно, тарифын хэмжээг нэмж, бусад хориг арга хэмжээг авах болно” хэмээн нэмж хэлсэн байна.

Сэтгүүлчид түүнээс Украины талд зогсч байгаа эсэхийг нь асуухад Трамп “үгүй, би хэний ч талд биш, би зөвхөн Украин-Оросын дайнд олон хүний амь нас үрэгдэж байгаа явдлыг зогсоохыг л хүсэж байна, би үүний төлөө л зогсч байна” хэмээн хариулжээ.
Мягмар гарагт Трампын сүрдүүлгийн эсрэг Кремлиэс хариу мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд Украинд нэмж зэвсэг нийлүүлэн, ОХУ-ын түнш холбоотон орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах нь аливаа энхийн яриа хэлэлцээний үйл явцад саад тотгор учруулах эрсдэлтэйг анхааруулжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, “Вашингтон, НАТО-гийн гишүүн орнууд болон Брюссельд гаргасан энэхүү шийдвэр нь энхийн төлөө биш, эсрэгээрээ дайныг үргэлжлүүлэх дохио болж байгаа нь илэрхий байна” хэмээн хэлсэн байна.
Д.Песков “ерөнхийлөгч Трампын мэдэгдэл маш ноцтой мэдэгдэл. Бидэнд түүний Вашингтонд хэлсэн зүйлсэд дүн шинжилгээ хийх хугацаа зайлшгүй шаардлагатай” гээд ОХУ Укаринтай дараагийн ээлжийн яриа хэлэлцээг явуулахад нээлттэй байгаа ба хэлэлцээний товын талаарх Украины саналыг хүлээж байгаа гэжээ.
Киевийн зүгээс яриа хэлэлцээнд ОХУ-ын талыг төлөөлж байгаа одоогийн төлөөлөгчидтэй цаашид хэлэлцээг үргэлжлүүлэх нь “ямар ч утгагүй” хэмээн мэдэгдсэн юм.
Трамп мэдэгдэлдээ АНУ-ын Украинд нийлүүлэх зэвсгийн төлбөрийг Европ болон НАТО-гийн гишүүн орнууд төлөх ёстой гэсэн бөгөөд Дани, Нидерланд улсууд Трампын уг бизнес төлөвлөгөөнд оролцох хүсэлтэй байгаагаа мягмар гарагт илэрхийлсэн байна.
Дайн эхэлснээс хойш цэрэг, зэвсгийн зардалд үлэмж их хэмжээний төсвийг зарцуулж, мөн олон улсын олон тооны хориг арга хэмжээнд орсон ч Хятад, Энэтхэг зэрэг томоохон эдийн засагтай улс орнуудад эрчим хүч экспортлож, Иран, Умард Солонгос зэрэг улс орнуудаас зэвсгийн тусламж авч, Төв Ази, Африк, Өмнөд Америк зэрэг бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлснээр ОХУ-ын эдийн засаг барууны улс орнуудын найдаж байсан шиг гүн гүнзгий хямралд оролгүй Украины дайныг дөрөв дэх жилдээ орон үргэлжүүлсээр байна.