Япон улсын засгийн газар тус улс дахь гадаадын иргэд болон оршин суугчдын асуудал эрхэлсэн шинэ алба, нэгжийг байгуулаад байна.
Тус албыг байгуулах ёслолын арга хэмжээ мягмар гарагт Японы улсын засгийн газрын төв байранд зохион байгуулагджээ.
Уг шинэ албыг Япон улсад зочилж, оршин сууж, ажиллаж амьдарч буй бүхий л гадаадын иргэдтэй холбогдох асуудлууд, бизнес болон хөдөлмөр эрхлэлт, гэмт хэрэг зэрэг олон тооны асуудлыг системтэйгээр зохицуулж, хэт аялал жуулчлал, дотоодын төрөлт буурч буй явдлын эсрэг тэмцэх зэрэг зорилгоор байгуулсан болохыг нээлтийн ёслолын үеэр танилцуулсан байна.
Тус албыг Япон улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын туслах Ватару Саката тэргүүлэхээр болсон бөгөөд хуульзүйн яам, эрүүл мэндийн яам, хөдөлмөр болон нийгмийн халамжийн яам, үндэсний цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл болсон 80 орчим ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.
Нээлтийн ёслолд оролцсон Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү шинэ албанд хандан сүүлийн үед өсөн нэмэгдэж буй гадаадын ажилчид болон жуулчдын гаргасан гэмт хэрэг, хууль зөрчсөн үйлдлүүдээс урьдчилан сэргийлж, цагаачлалын албаны хяналт шалгалтыг чанд сахиулж, татвар болон даатгал төлдөггүй явдлыг зогсоож, гадны иргэдэд газар эзэмшүүлэх дүрэм журмыг ахин авч үзэж судлах, дээрх асуудлуудтай холбоотой мэдээ мэдээллийг төвийн болон орон нутгийн засаг захиргаа хооронд хуваалцах системийг сайжруулахыг тусгайлан даалгасан байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр мөн гадаадад авсан жолооны үнэмлэхийг Япон улсын жолооны үнэмлэх болгон хувиргах систем, бизнес эрхлэгчийн виза болон Японд бизнес эрхэлж буй гадаадын бизнес эрхлэгчдийн оршин суух статус гэсэн хоёр тодорхой чиглэлээр хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши хэлсэн байна.