Air India компанийн онгоцны ослын урьдчилсан дүгнэлт шүүмжлэл дагуулаад байна


Өнгөрсөн сарын 12-ны өдөр хөөрсөн даруйдаа унаж осолдсон Air India компанийн Boeing 787 Dreamlinerзагварын зорчигч тээврийн онгоцны ослын урьдчилсан дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Энэтхэг улсын Агаарын тээврийн ослыг мөрдөн шалгах товчооны зүгээс гарган танилцуулсан.

Ослоос нэг сарын дараа гарган танилцуулсан тус тайланд ослын шалтгааныг олж тогтоосон эцсийн дүгнэлтийг хийгээгүй ч осолд хүргэсэн байж болох таамгуудыг дэвшүүлсэн юм. 

Тодруулбал, тус тайланд онгоц хөөрснөөс хэдхэн секундын дараа түлшний нийлүүлэлт тасарч, нисэх онгоцны буудлынпериметрээс гарч амжаагүй байхад онгоц хүчээ алдажэхэлсэн байна. 

Түлшний хяналтын унтраалга унтарсан байсныг мэргэжилтнүүд мөн хачирхалтай гэж үзсэн байна. Учир нь онгоцны түгжих механизм түлшний хяналтын унтраалга санамсаргүй байдлаар унтрахаас сэргийлдэг ажээ.

Түүнчлэн тайланд хар хайрцгаас сэргээгдсэн онгоцны бүхээг дэх хоёр нисгэгчийн богино яриа бичлэгийг багтаан оруулсан байна. Уг бичлэгт нэг нисгэгч нөгөөгөөсөө яагаад түүнийг түлшний нийлүүлэлтийг салгасан талаар асуухад нөгөөх нь салгаагүй хэмээн хариулж байгаа нь бичигджээ. 

Нэг үгээр хэлбэл энэхүү богино бичлэг онгоцны ослыг хүний алдаанаас үүдэлтэй болохыг, тэр ч бүү хэл зориудаар үйлдсэн хэрэг ч байж болохыг илтгээд байгаа ажээ. Хоёр нисгэгчийн хэн нэгнийх нь алдаатай эсвэл зориудын үйлдэл гэдэг нь батлагдаагүй ч энэхүү таамаглал нь Энэтхэгийн агаарын тээврийн нисгэгчдийг төлөөлдөг хоёр томоохон холбооны ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Энэтхэгийн иргэний агаарын тээврийн нисгэгчдийн холбоо болон Агаарын тээврийн нисгэгчдийн холбооны зүгээс дээрх таамаглалыг няцааж, эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Air India компанийн Boeing 787 Dreamliner загварын зорчигч тээврийн онгоцыг 32 настай ахлах буюу нэгдүгээр нисгэгч Клайв Кундер жолоодож байсан бол хоёрдугаар нисгэгчийн үүргийг 56 настай ахмад Сумит Сабхарвал гүйцэтгэж явсан байна. Тэд нийлүүлсэн байдлаар 15,638 цаг онгоц жолоодсон, бие физиологи, сэтгэлзүй, мансууруулах бодисын шалгалтыг давсан, туршлагатай нисгэгчид байжээ.

Салбарын эксперт, мэргэжилтнүүдийн зүгээс уг онгоцны ослын шалтгааныг олж тогтооход хамгийн багадаа нэг жил шаардагдах болно гэдгийг хэлж байна. Мөрдлөгийн үеэр цугл уулсан бүх мэдээллүүдэд дүн шинжилгээ хийхээс гадна онгоцны үзлэг, шалгалтын таван жилийн түүх, хоёр нисгэгчийн намтар түүхийг нарийвчлан судлахад олон сар шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ. 

Өнгөрсөн сарын 12-ны өдөр болсон уг осол нь иргэний агаарын тээврийн салбарт сүүлийн арван жилд тохиолдсон хамгийн олон хүн амь үрэгдсэн, томоохон онгоцны осол болсон юм. Хөөрсөн даруйдаа өндөр алдаж, ойролцоох анагаахын коллежийн барилгыг мөргөн осолдсон уг ослын улмаас 260 хүн амиа алдаж, ердөө ганцхан хүн амьд үлдсэн билээ. 

Ирээдүйд олж тогтоох онгоцны ослын жинхэнэ шалтгаан нь Энэтхэгийн иргэний агаарын тээврийн Air India компани болон Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компанийн цаашдын хувь заяаг шийдвэрлэж ч магадгүй юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *