Apple TV+ платформын “Severance” цуврал Эмми шагнал гардуулах ёслолын 27 төрөлд нэр дэвшлээ


Apple TV+ платформын шинжлэх ухааны уран зөгнөлт “Severance” цуврал энэ жилийн Эмми шагнал гардуулах ёслолын хамгийн олон төрөлд буюу 27 төрөлд нэр дэвшсэн байна. 

Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Эмми шагнал гардуулах ёслолд энэ жил HBO Max сувгийн “The Penguin” цуврал 24 төрөлд нэр дэвшиж, “Severance”цувралын араас хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээр тодорлоо.

Мөн HBO Max-ын “The White Lotus”, Apple TV+ платформын “The Studio” цувралууд тус бүр 23 төрөлд нэр дэвшсэн бол инээдмийн төрөл жанрын “Hacks” болон “The Bear” цувралууд 14 болон 13 төрөлд тус тус нэр дэвшжээ.

77 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг мягмар гарагт жүжигчин Харви Гуиллен, Бренда Сонг нар танилцуулсан байна. 

2025 оны Эмми шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдээс шагналтнуудыг тодруулах үйл явц ирэх сарын дундаас эхлэх бөгөөд уг ажлыг Америкийн Телевизийн Академийн санал өгөх эрхтэй гишүүд гүйцэтгэх ажээ.

77 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол 9-р сарын 14-ний өдөр Лос Анжелес хотноо зохиогдох бөгөөд энэ жилийн ёслолын арга хэмжээг комедиан Нэйт Баргатзе хөтлөхөөр болсон байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *