TikTok-т хит болсон “Pretty Little Baby” дууны эзэн,дуучин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ


Сүүлийн үед TikTok-ийн бичлэгүүдэд хит болсон “Pretty Little Baby” дууны эзэн, Америкийн дуучин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгссөн талаар түүний уран бүтээлүүдийн зохиогчийн эрхийг эзэмшдэг менежер Рон Робертс пүрэв гарагт мэдэгджээ.

1960-аад онд алдаршиж байсан поп дуучин Конни Фрэнсисийн сайн найз, түүний уран бүтээлүүдийн зохиогчийн эрхийг эзэмшдэг Concetta Records лэйблийн ерөнхийлөгч Рон Робертс дуучинг лхагва гарагийн шөнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай өөрийн болон дуучны албаны ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. 

Дээрх мэдэгдэлд дуучинг ямар шалтгааны улмаас нас барсан талаар тодорхой мэдээлээгүй байна. 

Дуучин Конни Фрэнсис ташаандаа эмчилгээ хийлгээд байсан бөгөөд маш их өвдөлт мэдэрсний дараа энэ сарын эхээр эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн талаараа сонсогч нартаа хуваалцаж байсан юм.  

Түүний жинхэнэ нэрийг Кончетта Франконеро гэдэг бөгөөд 1937 онд АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотод мэндэлж байжээ. Багаасаа дуулж, хөгжим тоглох авьяастай байсан Кончеттаг аав нь дэмжиж, 4 настайгаас нь эхлэн урлагийн олон тэмцээн, уралдаанд оролцуулдаг байсан нь урлагийн замаар явах эх үндсийг нь тавьж байсан байна. Тэрээр Конни Фрэнсис хэмээх уран бүтээлийн нэрийг сонгон, 1950-иад оны дундаас цомгоо гарган, уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 1960-аад оны эхээр “Everybody’s Somebody’s Fool”, “My Heart Has A Mind Of Its Own”, “Don’t Break The Heart That Loves You” зэрэг Биллборд жагсаалтыг тэргүүлсэн хит дуунуудаа гаргаж, алдаршиж байсан ажээ.  

Конни Фрэнсис нь радио станцуудаар хамгийн олон давтамжтай 100 шилдэг хит дууны жагсаалт буюу Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан анхны эмэгтэй уран бүтээлчээр тодорч байсан түүхтэй.

1970-аад оноос эхлээд түүний амжилт бүдгэрч эхэлсэн ч тэрээр уран бүтээлээ зогсолтгүй туурвисаар 2018 онд урлагийн салбараас зодог тайлж байгаагаа мэдэгдсэн юм. 

Харин энэ онд түүний 1962 онд гаргаж байсан “Pretty Little Baby” дуу нь TikTok-т хит болсноор тэрээр ахин хөгжим сонирхогчдын анхаарлыг татсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *