“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Олон иргэдийн зүгээс мөнгө, танил талаа ашиглаж, хэргээс мултрах вий гэсэн болгоомжлолтой байгаагаа цахим хуудастаа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл дээрх хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллаж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдон, шалгагдаж байгаа. Олон нийтийн сүлжээнд улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл явж байна. Үүнийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Мөн мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шалгалтын явцад бүх зүйл тодорхой болно.
Уг хэрэгт дээрх хоёр иргэнээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Хохирогчийн биеийн байдал сайнгүй байна. Камерын бичлэг байгаа бол нотлох баримтын хэмжээнд хурааж аваад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ” гэлээ.