Польшийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард туршина


Польшийн анхны устөрөгчөөр ажилладаг, хорт утаа ялгаруулдаггүй, зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард тус улсын баруун өмнөд хэсэгт орших Еления Гора-Карпач төмөр замын шугамаар туршиж эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдсэн байна.

Тус улсын Бидгошт хотноо байрладаг PESA үйлдвэрийн бүтээсэн SM42-6Dn зүтгүүрийн галт тэрэг нь цахилгаангүй төмөр замын дизель хөдөлгүүртэй галт тэргүүдийг орлох зориулалттай бүтээгджээ.

Устөрөгчийн түлш болон батерейгаар ажилладаг уг галт тэрэг нь төсөв зардал, санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй зорчигч тээврийн төхөөрөмжийг санал болгож байгаа юм.

Түүнчлэн орон нутгийн засаг захиргааны зүгээс ч устөрөгчийн галт тэрэг үйлдвэрлэх технологийг хүчтэй дэмжиж, татаас олгож байгаа бөгөөд туршилт амжилттай болвол зүтгүүрийг Доод Силезийн төмөр замд тогтмол үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтойгоос гадна цаашлаад Польш даяар бусад бүс нутагт ч ашиглах боломжтой болох ажээ.

Тус галт тэргийг үйлдвэрлэгч PESA компанитай хамтран явуулах анхны туршилтаар зорчигчдод 90 км/цаг хүртэл хурдлах устөрөгчийн хөдөлгүүр бүхийн зүтгүүрийг мэдрэх боломжийг олгоно гэжээ.

Өдгөө Герман, Франц, Итали зэрэг улсуудад устөрөгчөөр ажилладаг галт тэргүүд хэдийнээ үйлчилгээнд явж байгаа бөгөөд дэлхийн хамгийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэргийг Герман улс 2018 оны 9-р сард үйлчилгээнд нэвтрүүлж байсан түүхтэй. Энэхүү хөдөлгүүр нь устөрөгч болон хүчилтөрөгчийг цахилгаан болгон хувиргадаг устөрөгчийн түлшний эсүүдийн ажиллагаан дээр суурилдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *