“Миний багц” гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө үү Б.Чойжилсүрэн сайд аа?


Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг улс даяараа чих тавин, нүд харуулдаж үзэж дуусгалаа. Наадмын зохион байгуулалтаас эхлээд, хандив мөнгөн тусламж, бөхийн барилдааны бай шагнал нь өндөр байсан нь яах аргагүй анхаарал татаж байв. Увс нутгаас гаралтай олны танил эрхмүүд, нутгийн иргэдээс эхлээд түүхт 100 жилийнхээ ойн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хүссэн нь лавтай. Тэгэхээс ч аргагүй биз ээ.

Харин өчигдөр наадам дуусахтай зэрэгцээд олны дургүйцлийг нөгөө л Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүргээд авлаа. Тодруулбал Б.Чойжилсүрэн сайд аймгийнхаа наадам дээр цэнхэр дэлгэцээр “Цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний багцаас 2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн” хэмээн яриадахлаа.

Түүний хэлсэнчлэн “Миний багц” гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө гэлтэй.

   Улсын төсвийг нийт 39 Ерөнхийлөн захирагч зарцуулах эрхтэй байдаг. Үүнд Засгийн газрын гишүүд буюу сайд нар, УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, АТГ, УЕП, ҮСХ, ҮЦХ, СЕХ гэх мэт томоохон байгууллагын дарга нар багтдаг. Тэгвэл улсын төсвийг хэн бүрдүүлдэг вэ? Мэдээж татвар төлөгч ард иргэдийн мөнгөөр.

Дээр дурдсанчлан төсөв ерөнхийлөн захируулах эрхтэй Засгийн сайдууд асуудлаа шийдэх зорилгоор багц зардал эзэмшдэг. Өөрөөр хэлбэл Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болохынхоо хувьд салбарын асуудалдаа “багц зардал”-аа зарцуулах ёстой гэсэн үг юм.

Гэтэл төрөлх аймгийнхаа наадамд зориулж төсвийн мөнгөнөөс мөнгө гаргасан үйлдлээ “Миний мөнгө” хэмээн хээв нэг бахархан ярьсан нь олны дургүйцлийг хүргэв.

Аймаг, сумдын наадамд хувь хүн хандив өргөх нь нээлттэй. Тиймдээ ч Б.Чойжилсүрэн сайд өөрийн зүгээс 500 сая төгрөг хандивлажээ. Гэтэл Улаангом цэнгэлдэхийн тохижилтод сайдын багцаасаа 2 тэрбумыг зарцуулж, түүнийгээ миний мөнгө мэтээр ярьж байгаа нь хэр ёс зүйд нийцэх вэ?

Эрчим хүчний сайдын багц дахь төсвийг нэмэгдүүлсэн. 298 тэрбум төгрөгийн зардал дээр “ДЦС-3 ТӨХК”-д гарсан гэнэтийн осол аваарын хохирлыг бууруулах, хойшлуулашгүй сэргээн засварлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор төсвийг нэмээд буй.

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өчигдрийн хуралдаанаар “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон 3-дугаар цахилгаан станцад гарсан ослын дараах сэргээн босголтын ажлын явцыг хэлэлцэхээр байсан. Гэвч салбарын сайд нь нутагтаа наадаж явсан учраас уг асуудлыг хэлэлцээгүй.

Тун удахгүй нийслэлчүүд дүн өвөлтэй золгоно. Эрчим хүчээр хараат манай улс өнгөрсөн жил тог хязгаарлаж, лаа барьж хоногийн хэдэн цагийг өнгөрөөсөн. Одоо ч хэсэгчилж тог хязгаарлаж буй. Дулааны цахилгаан станц 3-ын үйл ажиллагаа доголдож хүчин чадлын талыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлэх болоод буй. Ийм байхад салбарын асуудлын хүрээнд захиран зарцуулах сайдын багцаас хоёр тэрбумыг аймгийн наадамдаа хяналтгүй гаргасныг Б.Чойжилсүрэн сайдын үйлдлээс харж болохоор байна.


One response to ““Миний багц” гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө үү Б.Чойжилсүрэн сайд аа?”

  1. Чойжилсүрэн Ж Энхбаяр Дэлгэрсайхан Бямбацогт нараа одоо болноо Яасан ханадаггүй юм бэ х Хувийн бизнесээ л хий

Leave a Reply to иргэн Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *