Бразилын Дээд шүүх ерөнхийлөгч асан Ж.Болсонарог гэрийн хорионд байлгах шийдвэр гаргажээ


Бразилын Дээд шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонарог гэрийн хорионд байлгах шийдвэр гаргажээ.

Ж.Болсонаро төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр шүүгдэж байгаа бөгөөд тэрээр түүний эсрэг үүсгэсэн хэргийг үгүйсгэж, няцаасаар байгаа юм.

Ж.Болсонарогийн хэргийг хариуцаж байгаа Бразилын шүүгч Александре де Мораэс хэлэхдээ, “ноён Болсонаро өнгөрсөн сард өөрт нь тавьсан таслан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөөгүйн улмаас ийм шийдвэр гаргалаа” гэжээ.

Мөн тэрээр Болсонарог өөрийн төрсөн хүүхдүүд, холбоотнуудынхаа нийгмийн сүлжээг ашиглан Дээд шүүхийн эсрэг утга агуулгатай мэдээллийг тараан цацаж, Бразил улсын шүүх засаглалд хөндлөнгөөс оролцох гадныхныг дэмжсэн хэмээн хэлсэн байна.

Ням гарагт ерөнхийлөгч асан Ж.Болсонарог дэмжигчдийн жагсаал Бразилын олон хотод зэрэг зохиогдсон бөгөөд Рио де Жанейро хотын жагсаалд оролцсон түүний хүү, сенатч Флавио эцгийнхээ яриаг утсаар дамжуулан цугларсан жагсагч олонд хүргэсэн байна.

Ж.Болсонаротой улс төрийн нэг ижил үзэл баримтлалтай гэгддэг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Болсонарог буруутгасан хэргийг “шулмын ан” хэмээн нэрлэж, түүний хэрэгтэй холбогдуулан Бразил улсад 50 хувийн импортын татвар ногдуулах шийдвэрийг гаргасан билээ.

Эн мэтчилэн хэргийн шүүх хурал эхэлснээс хойш гадны нөлөө ихэд нэмэгдсэн тул Бразилын дээд шүүхээс Ж.Болсонарог гэрийн хорионд оруулж, түүний өмгөөлөгчид болон Дээд шүүхээс зөвшөөрснөөс өөр бусад хүмүүстэй уулзахыг хориглож, гар утсаар гадагшаа залгаж холбогдохыг нь хориглоод байна.

Түүнд өмнө нь мөн шүүхээс цахим гав зүүж, хөл хорио тогтоож, нийгмийн сүлжээ ашиглахыг нь хориглох арга хэмжээ авсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *