Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой ноцтой асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдийн төлсөн 478 сая 970 мянган төгрөгийг өөрсдийн хувийн данс руу шилжүүлэн авчээ. Мөн “Эрүүл-Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 70,7 сая төгрөгийг мэргэжлийн бус хүмүүст цалин хэмээн шилжүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: СЭМҮТ-д хяналт шалгалтын ажил хийсэн талаар мэдээлэл өгөх гэж байна. 2024 оны 11-дүгээр сард СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг ЭМЯ-д шалгахаар болсны дагуу яамны хяналт, шинжилгээ дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Ингэхэд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газартай хамтарч санхүүгийн хяналт 2025 оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын 24-ний өдрүүдэд хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн.
- Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримтыг өгдөггүй,
- Эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр шилжүүлэн төлөхийг шаардахыг хориглосныг удаа дараа зөрчсөн,
- 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527 сая 875 мянган төгрөгийг иргэдийг цагтаа ирээгүй буюу өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалжээ.
Өөрөөр хэлбэл 478 сая 970 мянга төгрөгийг цуцлалт хураамж хийж, иргэдийг эмнэлэгт хэвтсэн байхад хэвтээгүй, төлбөрөө төлөөд эмнэлэгт хэвтэнгүүт 24 цагийн дотор энэ хүн цагтаа ирээгүй, төлбөр нь буруу хийгдсэн гэх шалтгаанаар данснаас буцааж гаргаж авдаг зөрчил илэрчээ. Эдгээр мөнгийг СЭМҮТ-ийн удирдлагууд нь ажилтнуудтайгаа хувийн дансаар шилжүүлж авдаг нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.
Түүнчлэн “Эрүүл-Монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх СЭМҮТ-д 2025 оны 4-дүгээр сарын 04-ний өдөр шилжин ирсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж, төсвийн задаргааг тус бүрээр батлаагүй байна.

Гэтэл сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээт 14 иргэний 5 нь сэтгэцийн эмч сувилагч, сэтгэл судлаач мэргэжилтэй бол харин бусад зам гүүр, барилгын инженер, орчуулагч мэргэжилтэй буюу шаардлага хангаагүй мэргэжлийн талаар мэдлэггүй, нотлох баримтгүй хүмүүстэй байсан бөгөөд санхүүжилтийн эрх гарахаас өмнө гэрээ байгуулж, 1-3 сарын цалинд 70,7 сая төгрөгийг олгосон байна. Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон 06-дугаар сарын 12-ны өдрөөс хойш 248 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргажээ.