Хуванцар хог хаягдлын асуудлаарх олон улсын засгийн газар хоорондын яриа хэлэлцээний хорооны 5-р хурлын хоёр дахь шатны хуралдаан энэ сарын 5-наас 14-ний хооронд Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд зохион байгуулагдахаар болоод байна.
5-р хурлын эхний шатны хуралдаан өнгөрсөн оны 12-р сарын 1-ний өдөр БНСУ-ын Бусан хотод зохиогдож байсан юм.
Харин энэ удаагийн хуралдаанаар дэлхийн улс орнууд хуванцар хог хаягдлыг зохицуулахад чиглэсэн хууль ёсны дагуу үүрэг хүлээж, даган мөрдөх олон улсын анхны хэлэлцээрийг байгуулахыг зорьж байна.

Хуралдаан болох НҮБ-ын байрны гадна талбайд нэрт уран барималч Родены “Сэтгэгч” хэмээх алдартай уран баримлын хуулбар болох 6 метр өндөр хөшөөг байрлуулж, улмаар хуралдаан үргэлжлэх 10 хоногийн хугацаанд хуванцар сав, гялгар уут, тоглоом, загасны тор болон бусад хуванцрын хогоор уг хөшөөг далдалж, овоо үүсгэхээр төлөвлөсөн бөгөөд үүгээрээ хүн төрөлхтөн, ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндэд хуванцар хог хаягдал ямар хор хөнөөл, аюул заналхийлэл учруулж байгааг тодруулан харуулахыг зорьжээ.

“Сэтгэгчийн зовлон” хэмээн нэрлэсэн энэхүү бүтээлийг Канадын уран бүтээлч, нийгмийн идэвхтэн Бенжамин Фон Вонг урласан байна. Гарт нь хуванцар сав бариулсан уг хөшөөгөөр НҮБ-ын 193 гишүүн орны дипломат төлөөлөгчдөд хуванцар хог хаягдлын үзүүлж буй хор нөлөө зөвхөн өнөөдрөөр хязгаарлагдахгүй хүн төрөлхтний цаашдын бүхий л цаг үед сөргөөр нөлөөлнө гэдгийг харуулж, ойлгуулахыг хүссэн хэмээн уран бүтээлч Бенжамин Фон Вонг хэлсэн байна.
Статистик мэдээлэл дурьдахад, дэлхийн хэмжээнд жилд 400 сая гаруй тонн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг ба үүний тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүнүүд байдаг байна.
Харин хуванцар хог хаягдлын 15 хувийг дахин боловсруулахаар цуглуулдаг боловч ердөө 9-хөн хувийг нь л дахин боловсруулдаг бол нийт хуванцар хог хаягдлын бараг тал буюу 46% нь хогийн цэгт очиж, 17% нь шатаагдаж, үлдсэн 22% нь ахин хог болж гардаг байна.
Дэлхийн улс орнууд 2022 онд хуванцар хог хаягдлын хямралыг зохицуулах гарц гаргалгааг олох тохиролцоонд хүрч байсан бөгөөд үндсэн зохицуулалтын механизмыг бий болгох асуудлаар Өмнөд Солонгрсын Бусан хотноо зохиогдсон тав дахь удаагийн хурлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй тул ийнхүү 5-р хурлын хоёр дахь шатны уулзалт хуралдааныг энэ долоо хоногт эхлүүлээд байна.