В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгчтэй “үр дүнтэй” яриа хийсэн гэв


Украины ерөнхийлөгч В.Зеленский мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар холбогдон ярилцсан бөгөөд тэд “баялаг үр дүнтэй” яриа хэлцэл хийж, Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох асуудлаар хоёр тал байр сууриа зохицуулсан хэмээн өөрийн Х хуудсандаа мэдэгджээ.

В.Зеленский Трамптай Украины эсрэг эрчимжүүлж байгаа Оросын довтолгоо болон дайны нөхцөл байдлын талаар санал солилцсоноос гадна мөн Европын зүгээс Оросын эсрэг хамтарсан хориг арга хэмжээ авах, түүнчлэн Нидерланд болон Швед, Норвеги, Дани зэрэг Скандинавын орнууд 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт гаргаж, Украинд Америкийн зэвсэг худалдан авахад туслах шийдвэр гаргасан талаар хэлэлцсэн гэв.

Скандинавын хойгийн Норвеги, Швед, Дани гэсэн гурван улс Украинд 500 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэхээр болсныг мягмар гарагт Норвегийн засгийн газар зарлан мэдэгдсэн байна. Энэ нь НАТО болон АНУ-ын санал болгож буй Украинд Америкаас зэвсэг худалдан авч нийлүүлэх, тус улсын зэвсгийн хангамжийг бэхжүүлж, түргэн шуурхай хүргэж нийлүүлэхэд чиглэсэн “Украины нэн тэргүүний хэрэгцээний жагсаалт” хэмээх санаачилгын нэг хэсэг бөгөөд дээрх тусламжийн 135 сая ам.долларын санхүүжилтийг Норвеги улс дангаараа гаргаж байгаа ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийг Европын холбоотнууд хариуцна гэж өмнө нь олон удаа мэдэгдсэн бөгөөд үүнд Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлэх, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах “Патриот” систем, уг системийн пуужингуудаар хангах нь Оросын тогтмол агаарын довтолгоонд өртөж буй Украин улсад нэн шаардлагатай байгаа юм.

Украины ерөнхийлөгч мөн АНУ-Украины батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар Трамптай ярилцсан байна. Украины тал дроны салбарт хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулсан бөгөөд гэрээний агуулгыг нарийвчлан хэлэлцэж, АНУ-тай гарын үсэг зурахад бэлэн байгааг В.Зеленский нэмж хэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *