Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвасыг бүрэн эзлэх шийдвэр гаргасан талаар Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагийн орой мэдээлжээ.
Б.Нетаньяху аюулгүй байдлын асуудлаар хурал хийсний дараа Газын зурвасыг бүрэн эзлэх шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Одоогийн байдлаар Израилын арми Газын зурвасын 75 орчим хувийг хяналтдаа байлгаж байгаа бол шинэ төлөвлөгөөний дагуу Израилын арми үлдсэн бүс нутгийг эзлэхээр урагшилж, улмаар Газын зурвасыг бүхэлд нь хяналтдаа оруулах төлөвлөгөөг гаргажээ.
Уг төлөвлөгөөг 8-р сарын 7-ны пүрэв гарагт Израилын засгийн газрын кабинетын хуралдаанаар танилцуулж, улмаар батлуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурвасыг бүрэн хяналтдаа авах цэргийн ажиллагаа нь барьцаалагдсан хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлэх эрсдэлтэйг мөн Израилын засгийн газар анхааран авч үзсэн байна.
Өнөөдрийн байдлаар Газын зурваст Хамас бүлэглэлийн барьцаанд 49 хүн байгаагаас 20 нь л амьд байгаа гэж Израил улс үзэж байгаа ажээ.