Саудын Араб улсад гурван өдрийн дотор 17 хүнийг цаазаар авснаар шинэ дээд хэмжээг тогтоосон байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба, ням, энэ долоо хоногийн даваа гарагт нийт 17 хүнийг цаазаар авснаар 2025 онд Саудын Араб улсад цаазаар авсан хүний тоо 239 хүрч, рекорд тогтоожээ.
Тус улсын Saudi Press Agency агентлагийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдээр голцуу гадаадын иргэд болох 15 хүнийг хар тамхи, мансууруулах бодисын хэргээр цаазаар авсан бол даваа гарагт терроризмын гэмт хэрэг үйлдсэн дотоодын хоёр иргэнд оноосон ялын дээд хэмжээг гүйцэтгэсэн байна.
2025 онд Саудын Араб улсад нийт 239 хүнийг цаазаар аваад байгаагаас 161 нь мансууруулах бодисын хэргээр дээд хэмжээ авсан бол 136 нь гадаадын иргэд байсан байна.
Саудын Араб улсад цаазаар авч буй хүний тоо огцом өсөж буй явдлыг олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хурцаар шүүмжилж, эрс эсэргүүцэж байгаа юм.
Шинжээчдийн зүгээс Саудын Араб улсад олон тооны иргэд, тэр дотроо гадаад улс орны иргэд хар тамхины хэргээр цаазаар авахуулж байгаа явдлыг 2023 онд тус хаант улсад эхлүүлсэн “хар тамхины эсрэг дайн”-тай холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн тус улсад 3 орчим жилийн хугацаанд цуцлаад байсан цаазаар авах ялыг 2022 оны сүүлээр сэргээснээс хойш ялын дээд хэмжээг гүйцэтгэх тоо хэмжээ огцом өсөн нэмэгдсэн байна.
Харин тус улсын зүгээс гэмт хэрэгтнүүдийг шүүхээр давж заалдах бүх эрхээ эдэлж дууссан тохиолдолд цаазын ялыг гүйцэтгэдэг хэмээн дотоодын хууль тогтоомжийг хамгаалсан байр суурийг илэрхийлжээ.