80 жилийн өмнө цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотын хохирогчдын дурсгалыг хүндэтгэв


Одоогоос 80 жилийн өмнө АНУ-ын хаясан цөмийн бөмбөгийн цохилтод өртсөн Японы Хирошима хотод амь үрэгдсэн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ лхагва гарагт зохион байгуулагдаж байна.

1945 оны 8-р сарын 6-ны өглөө 8:15 цагт Хирошима хотод цөмийн бөмбөг унаж, асар хүчтэй дэлбэрэлт болон цацраг идэвхийн улмаас хот бүхэлдээ сүйдэж, 140 мянган хүн амь үрэгдэж байсан юм.

Цөмийн цохилтоос амьд гарсан хүмүүс цацраг идэвхийн улмаас хорт хавдар болон бусад өвчнөөр өвчиж, олон жил зовж тарчилж амьдарсан байдаг. 

Япон улсын өнцөг булан бүрт болон дэлхий даяар тэрхүү хар өдөр амиа алдсан өвөг дээдэс, эцэг эх, төрөл төрөгсдөө дурсан санагалзаж байна. Хирошима хот дахь энэ жилийн дурсгалын арга хэмжээнд 55 мянга гаруй хүн оролцож байгаа талаар Японы NHK телевиз мэдээллээ.

Арга хэмжээний үеэр Хирошима хотын дарга Мацүи Казүми үг хэлж, цөмийн дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн шинэчилсэн нэрсийн жагсаалтыг дурсгалын хөшөө дурсгалын өмнө байршуулсан байна.

Одоогийн байдлаар уг жагсаалтад 349,246 хүний нэрс багтаад байгаа бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд амиа алдсан 4940 хүний нэрийг нэмж оруулсан ажээ.

Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү мөн дурсгалын арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна. Тэрээр Япон улс үргэлжид цөмийн зэвсгээс ангид, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө байх болно гэдгийг онцолжээ.

Япон улс нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр цөмийн бөмбөгдөлтөд өртөж, аюулыг нь даван туулсан дэлхийн цорын ганц улс юм.

Өнөөдөр Японд цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн 100 мянга орчим хүн байгаа бөгөөд тэдний дундаж нас 86 ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *