Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцаж байна. Тэрээр өнөөдөр Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай замын ажилтай танилцав.
Тус бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны 6-р сард эхэлсэн. Одоогийн байдлаар гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.
Уг зам ашиглалтад орсноор Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх юм. Замыг ирэх оны 11-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



