Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, газрыг буцаан авна


Богд хааны Хүрэн ордон буюу Хайстайн Лаврин нь Соёлын өвийн нэгдсэн бүртгэл болон Соёлын үл хөдлөх дурсгалын дэд системд түүхэн дурсгалт байшин төрөл зүйлээр бүртгэгдсэн барилга юм.

Түүхэн дурсгалт барилгын зүүн талд амины орон сууц барьж буй асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км орчимд сүр, бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх болон түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байна. Хэдийгээр газрын өмчлөгч иргэн О.Баасандорж нь амины орон сууцны зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зураг, төлөвлөлт батлуулалгүйгээр барилгын ажил эхлүүлж, зөрчил үүсгэсэн учраас энэхүү барилгын ажлыг зогсоож байна. Тиймд түүх, соёлын өв болсон тус барилгын ойр орчмыг хамгаалахаас гадна өмчлөгч иргэнтэй хуулийн дагуу зөвшилцөж, хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ ” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *