Нийслэлийн хэмжээнд түүхэн болон хуучны барилгыг хэвээр нь авч үлдэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэмэлт өргөтгөл хийхгүй байх талаар есөн дүүргийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Улаанбаатар хотын анхны төлөвлөлтөөр явган хүн зорчиход асуудалгүй өргөн чөлөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар “40, 50 мянгат” орчим нь зарим хэсгээрээ хоёр хүн зөрөхөд ч хүндрэлтэй болсон учраас нийтийн эдэлбэр газар руу түрж, өргөтгөл барихад заавал зөвшөөрөл авах шаардлагыг тавьдаг болсон.
Харин зөвшөөрөлгүй барьсан тохиолдолд өргөтгөлийг албадан буулгах, хуучин хэвд нь оруулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Ерөнхийдөө нийслэлийн Ерөнхий архитекторын зүгээс Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, явган зорчигчдод ээлтэй байлгах үүднээс үндсэн төлөвлөгөө гаргаж, стандартын дагуу ажиллахаар зорьж байгаа аж.


