“CS2” тоглоомын Дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт эрэмбэтэй яваа “The MongolZ” баг 500.000 долларын шагналын сантай “BLAST Bounty Fall 2025” тэмцээний урьдчилсан шатанд урилгаар оролцож байна. Тэд өнөөдөр 17:00 цагаас Дэлхийн чансааны 38-дугаар байрт эрэмбэтэй Европын “ENCE” багтай тоглох юм.
“BLAST Bounty Fall 2025” тэмцээнд нийт 32 баг оролцож байгаа бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд нугалааны зарчмаар явагдана. Өөрөөр хэлбэл хожигдсон баг тэмцээнээ шууд өндөрлүүлнэ. Харин хоёр дараалж ялсан 8 баг үндсэн тэмцээнд оролцох эрхээ авна. Үндсэн тэмцээн буюу “BLAST Bounty Fall 2025” нь 8-дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Мальта улсад болох хуваарьтай байна.
Урьдчилсан шатны тэмцээн цахимаар болох бөгөөд MongolZ-ын залуус Серби улсын Белград хот дахь бэлтгэлийн баазаас оролцох юм.
