Монгол Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганаараа Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн баталсан. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглолоо.
Мөн олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг нь 6 сараас 1 жил хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хорих ялаар шийтгэх юм байна.
Түүнчлэн төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хорих ял шийтгэнэ.
Мөн аливаа этгээд төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулиар торгоно. Харин зар сурталчилгаа явуулсан бол хууль бус зар сурталчилгаанд тооцохоор зохицуулжээ.