Д.Трамп Вашингтон хотын аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс Үндэсний Гвардыг байршуулахаа зарлав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус улсын нийслэл Вашингтон хотын аюулгүй байдлыг бэхжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс хотод Үндэсний Гвардыг байршуулж байгаагаа зарласан байна.

Вашингтон хотын цагдаагийн газраас өмнө нь танилцуулснаар 2025 оны 1-р сарын байдлаар нийслэл хот дахь гэмт хэргийн тоо хэмжээ сүүлийн 30 жилийн хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна. Мөн хүн амин хэрэг, хулгай дээрэм өнгөрсөн онтой харьцуулахад буурч, харгис хэрцгий гэмт хэргийн тоо хэмжээ жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан байна.

Хэдийгээр ийнхүү сүүлийн жилүүдэд нийслэл хотод гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан боловч Д.Трамп Вашингтон хотын цагдаагийн газрыг холбооны засгийн газрын мэдэлд оруулж байгааг дээрх мэдэгдлээрээ зарлажээ.

Д.Трамп Цагаан ордонд зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр “өнөөдөр бол Вашингтон хотыг чөлөөлөх өдөр, бид өөрсдийн нийслэл хотоо эргүүлэн авч байна” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрээр нийслэл хотод гэмт хэрэгтэй тэмцэх болон орон гэргүйчүүдийн эсрэг цоо шинэ арга хэмжээг авах болно гэдгээ амласан боловч гэмт хэрэг, орон гэргүй хүмүүс болон гэмт хэргийн үндсэн шалтгааныг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.

Трампын засаг захиргааны гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын нэг хэсэг болгож холбооны хууль сахиулах байгууллагын 500 орчим офицерыг улсын нийслэл даяар байршуулахаар болоод байгаа бөгөөд үүнд Холбооны мөрдөх товчооны 100 гаруй ажилтан болон хил, гааль, цагаач, архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодис, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх зэрэг олон алба, товчоодын тусгай ажилтнуудыг багтаахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааны шинэ департмент болох Засгийн газрын бүтээмжийн департментын өндөр дээд албан тушаалтан болох Эдвард Користин автомашиныг нь хулгайлах гэсэн өсвөр настнуудын халдлагад өртсөний дараагаар ийнхүү нийслэл хотыг “улс орноо удирдах хамгийн аюулгүй хот” болгох зорилгоор дээрх арга хэмжээг авч байгаагаа мэдэгдээд байна. Тэрээр мөн өнгөрсөн долоо хоногт Вашингтон хот “майхан, чиргүүл, хог новшоор дүүрч, гэмт хэргийн уурхай” боллоо хэмээн хэлж байжээ.

Трамп АНУ-ын засаг захиргааны онцгой нэгж болох нийслэл Вашингтон хотын засаглалыг холбооны эрх баригчдад буцааж болно гэж нэг бус удаа санал болгож байсан. Үүний тулд 1973 оны Дотоодын удирдлагын тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг Конгресст оруулах шаардлагатай ба уг асуудлыг Трампын хуульчид шалгаж байгаа ажээ.

Вашингтон хотын дарга Мюриель Баузер хотын цагдаагийн байгууллагын хяналтыг ерөнхийлөгч аваад буй дээрх шийдвэрийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр ерөнхийлөгчид нийслэл хотын цагдааг өөрийн хяналтад оруулах хуулийн дагуу олгогдсон эрх нь байгаа ч зөвхөн тодорхой нөхцлүүдийн үндсэн дээр ингэх боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэл хотод тийм хурцадмал нөхцөл байдал огтхон ч үүсээгүй, эсрэгээрээ гэмт хэргийн тоо хэмжээ буурсан үзүүлэлттэй байгааг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *