Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш баривчилсан байна.
Прокуроруудын зүгээс түүнийг хөрөнгийн биржийн луйвар, авлига зэрэг олон тооны хэрэгт буруутган баривчилсан талаараа мэдэгджээ. Түүнийг хөрөнгийн зах зээл, санхүүгийн хөрөнгө оруулалт болон улс төрийн сангийн тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ажээ.
Сөүл хотын төв дүүргийн шүүх өдгөө 52 настай Ким Кён Хиг баривчлах тухай прокурорын хүсэлтийг хянан хэлэлцээд, баривчлах зөвшөөрөл олгосноос хэдэн цагийн дараа түүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Ким Кён Хиг прокурорууд олон цагаар байцаасан бөгөөд байцаалтын маргааш нь түүнийг баривчлах зөвшөөрөл шүүхээс хүсжээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, шүүх нотлох баримтыг хуурамчаар үйлдэх эрсдэлтэй гэж үзэн Ким Кён Хиг баривчлах зөвшөөрөл олгосон байна.
Лхагва гарагт Ким Кён Хи прокурорын газарт ирэхдээ “хэдийгээр миний бие чухал ач холбогдолтой хүн биш боловч ийм асуудал үүсгэсэндээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” хэмээн хэлсэн байна.
Ийнхүү мягмар гарагийн дээрх баривчилгааны дараа БНСУ-ын экс-ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай хоёулаа торны цаана суугаад байгаа ба энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.
Түүний нөхөр, экс-ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд өнгөрсөн оны сүүлээр эрх мэдлээ урвуулан ашиглаж цэргийн онц байдал зарласан хэргээр 4-р сард импичментээр төрийн тэргүүний албанаас нь огцруулсан бөгөөд мөн дээрх хэргийн улмаас төрийн эсрэг бослогыг удирдсан хэмээн буруутгагдан хоригдож, хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа билээ.