Энэ баасан гарагт АНУ-ын Аляска мужид явагдах Трамп-Путины уулзалтаас өмнө Европын удирагчид Трамп болон Зеленский нартай цахимаар хэлэлцэхээр болсон байна.
Лхагва гарагт цахимаар зохион байгуулагдах энэхүү хэлэлцээг ХБНГУ-ын Канцлер Ф.Мерц санаачилж, Франц, Их Британи, Итали, Польш, Финланд зэрэг Европын орнуудын төр засгийн тэргүүн нар, ЕХ болон НАТО-гийн удирдагчдыг урьсан талаар Берлины зүгээс мэдэгдлээ.
Германы Bild сонинд мэдээлснээр Европын удирдагчид лхагва гарагт эхлээд Украины ерөнхийлөгч, ЕХ болон НАТО-гийн тэргүүн нартай видео хурал хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нартай хамтарсан цахим хэлэлцээ явуулахаар төлөвлөжээ.
Ф.Мерцын албаны зүгээс хэлэхдээ лхагва гарагийн цахим хурлаар ОХУ-д шахалт үзүүлэх цаашдын хувилбарууд, боломжит энх тайвны хэлэлцээг бэлтгэх, түүнтэй холбоотой газар нутгийн нэхэмжлэл, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх болно гэжээ.
Америк, Оросын тал Украины дайны асуудлыг Зеленскийг оролцуулалгүй хэлэлцэхээр болсон явдлыг Украин болон Европын зүгээс эрс эсэргүүцэж, аливаа энхийн гэрээ хэлэлцээрт Украин болон Европ оролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаагаас гадна Украины газар нутгаас тасдах асуудлыг зөвшөөрөхгүй гэдгээ В.Зеленский давтан илэрхийлээд байгаа билээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Путинтэй хийх уулзалт “бүтээлч” байдлаар явагдана гэж найдаж байгаагаа илэрхийлж, газар нутгийн асуудал дээр ОХУ-д буулт хийхгүй хэмээн мэдэгдээд байгаа Украины ерөнхийлөгчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.