АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадын эсрэг ногдуулсан тарифын завсарлагаа ахин 90 хоног сунгах шийдвэр гаргасан байна.
Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр улсын хооронд оны эхээр өрнөсөн тарифын дайныг дипломат аргаар шийдвэрлэх хүрээнд талууд 90 хоногийн хугацаанд тарифын түр завсарлага авсан бөгөөд уг завсарлагын хугацаа мягмар гарагт өндөрлөсөн юм.
Тэгвэл Д.Трамп мягмар гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ хоёр талын тохиролцсон тарифын түр завсарлагыг сунгах ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан бөгөөд тохиролцооны бүхий л зүйл заалт хүчинтэй хэвээрээ үргэлжлэх болно гэжээ.
Бээжингийн зүгээс ч мөн нэгэн зэрэг тарифын завсарлагыг 90 хоног сунгахаар болсныг албан ёсоор зарласан байна. Энэ талаар БНХАУ-ын худалдааны яамнаас мягмар гарагт мэдэгджээ.

Энэхүү түр завсарлага нь хоёр улсын хооронд худалдааны зарим санал зөрөлдөөнөө шийдвэрлэхэд нэмэлт хугацаа олгож байгаагаас гадна магадгүй энэ оны сүүлээр Трамп-Ши Жиньпин нарын дээд хэмжээний чуулга уулзалтын замыг засч болох замыг засч буй явдал байж болох юм. Хоёр талын шийдвэрийг Хятадтай бизнес хийж буй Америкийн компаниуд сайшааж байна.
Эргэн сануулахад хоёр талын хооронд оны эхээр өрнөсөн тарифын дайны үеэр Вашингтон Хятадын импортод 145 хувийн тариф ногдуулсан бол Бээжингийн зүгээс хариу арга хэмжээ авч Америкийн бараа бүтээгдэхүүнд 125 хувийн тариф ногдуулсан юм. Улмаар талууд 5-р сард Швейцарийн Женев хотноо яриа хэлэлцээ явуулснаар тохиролцоонд хүрэн, 90 хоногийн хугацаанд тарифын завсарлага авч, энэ хооронд Их Британийн нийслэл Лондон, Шведийн нийслэл Стокгольм хотуудад яриа хэлэлцээ явуулсан боловч худалдааны хэлэлцээр байгуулах эцсийн шийдвэрт хүрээгүй учраас хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.
Ийнхүү түр завсарлага авсан тарифын ахин хугацааг сунгаснаар АНУ Хятадын импортод 30 хувийн тариф ногдуулж, БНХАУ Америкийн импортод 10 хувийн тариф ногдуулсан хэвээрээ үргэлжлэхээр болж байна.
Ахин сунгасан 90 хоног 11-р сарын 10-ны өмнө дуусгавар болох бөгөөд энэ хооронд талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, худалдааны хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрэх шаардлагатай байгаа юм.