В.Путин, Ким Жон Ун нар утсаар ярив


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 12-ны өдөр утсаар ярилцсан талаар Кремль болон Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна. Дээрх мэдэгдэлд В.Путиныг баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Аляскад хийх хэлэлцээний талаарх мэдээллээ Ким Жон Унтай хуваалцсан гэлээ.

Түүнчлэн 8-р сарын 15-ны өдөр тохиож буй БНАСАУ-ын Японы колоничлолоос ангижирсны 80 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбогдуулан, ОХУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Унд халуун баяр хүргэж, хоёр тал цаашид хувийн харилцаагаа улам бэхжүүлэхээр тохиролцсон байна. Баасан гарагт зохиогдох ойн баярт ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володин тэргүүтэй төлөөлөгчид хүндэт зочдын хувиар очиж, оролцохоор болсон байна.

Путин, Ким нар мөн өнгөрсөн оны 6-р сарын 19-ний өдөр Пхеньянд гарын үсэг зурсан “ОХУ, БНАСАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-ний дагуу найрсаг сайн хөршийн хамтын ажиллагааны харилцааг бүх салбарт цаашид хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээ мөн давхар нотолжээ.

Умард Солонгос түүхэндээ анх удаа улсынхаа удирдагчийг өөр улс орны удирдагчтай утсаар ярилцсан талаарх мэдээг албан ёсоор мэдээлсэн тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг онцоллоо.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баасан гаргийн Аляскийн уулзалтаас өмнө Москвагийн ойрын түншүүд болох БНХАУ, Энэтхэг, ӨАБНУ, Бразил, Умард Солонгос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан Казахстан, Узбекистан, Тажикстан, Киргизстан, Армен, Беларусийн удирдагчидтай утсаар холбогдон, Трамптай хийх уулзалтын талаар ийнхүү ярилцаад байна.

Трамп, Путин нарын уулзалт АНУ-ын Аляска мужийн хамгийн том хот болох Анкориж хотын хойд зүгт байрладаг “Эльмендорф-Ричардсон” цэргийн баазад болохоор товлоод байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *