Оросын зэвсэгт хүчин баасан гарагт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод зохиогдох Трамп-Путины уулзалтын өмнө зүүн Украины бүс нутгат томоохон газар нутгийг эзлэж аваад байгаа талаар АНУ-д байрлалтай “Institute for the Study of War” судалгааны байгууллагаас мэдээллээ.
Тус судалгааны байгууллагаас гаргасан мэдээлэлд Оросын зэвсэгт хүчин сүүлийн жил гаруй хугацааны доторх хамгийн том давшилтыг ганцхан өдрийн дотор хийгээд байгааг онцолжээ.
Тодруулбал, Оросын арми 8-р сарын 12-ны өдөр өмнөх өдөртэй нь харьцуулахад 110 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлсэн талаар Дайны судалгааны хүрээлэнгийн зүгээс мэдээлснийг олон улсын хэвлэлүүд эш татан мэдээллээд байна.
Хэмжээний хувьд энэ нь 2024 оны 5-р сараас хойшхи Оросын зэвсэгт хүчний хамгийн том давшилт болсон гэжээ.
Өнөөдрийн байдлаар Оросын зэвсэгт хүчин Украины нийт нутаг дэвсгэрийн 19 хувьд нь бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд мягмар гарагт Оросын цэргүүд Украины зүүн хэсгийн нүүрсний уурхайд түшиглэсэн Добропиллиа хотын ойролцоо 10 км ойртож давшаад байгааг Украины ерөнхийлөгч В.Зеленский хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн ч “Киевийн зүгээс удахгүй тэднийг устгах болно” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр “Оросын арми дайныг зогсооход бэлэн биш байгаа нь харагдаж байна, эсрэгээрээ тэд шинэ дайралтад бэлдэж буй шинж тэмдгүүд, хөдөлгөөнүүд ажиглагдаж байна” гэжээ.
Олон улсын цэргийн шинжээчид Оросын энэхүү давшилтыг тогтоон барьж, даван туулах нь Украин улсад маш чухал байж магадгүй гэж үзэж байна. Харин Украины тал Донецк мужийн Покровск хотыг алдвал Оросыг чухал ялалтад хүргэх бөгөөд ингэснээр Донецкийн бүсэд хүргэх Украины хангамжийн шугамыг хүндрүүлж болзошгүй талаар цэргийн шинжээчид хэлж байна.
Харин энэ үеэр Украины зэвсэгт хүчин лхагва гарагийн шөнө ОХУ-ын Брянск мужийн газрын тос олборлох станцид дроноор цохилт өгсөн талаар Украины зэвсэгт хүчний нэгдсэн штаб мэдээллээ. Оросын армийг шатахуун түлшээр хангадаг Унеча хотын газрын тосны үйлдвэрт үзүүлсэн дроны цохилтын улмаас олборлох хэсэгт томоохон гал гарсан талаар дээрх мэдэгдэлд дурьджээ.
