Манай улс 7 сая модоо өнгөрсөн хаврын 7 түймэрт шатаасан атлаа бүтэн жилд 4 сая мод тарьж байна. Арай дэндүү. Тарих гэж ядаж байхад, түймэрт шатааж, шавжинд идүүлээд дуусгах нь дээ.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд сургуулийн сурагч хүртэл 180 хоногт 4000 га талбай ойжуулж байхад 60 хоногт 2791 га талбай шатав. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хоногт 22-23 мод тарьж байхад, түймэр 46-47 мод шатааж байна. Хэн нь хурдан байна даа?
2025.08.06-ны байдлаар 15 аймгийн 73 су, нийслэлийн 3 дүүрэгт нийт 216 удаа ой, хээрийн түймэр гарав. Өнөө жил Монгол орны агаар онцгой хуурай байгаа учраас гарсан түймрийн тоо, хохирлын хэмжээг өмнөх хэдэн жилтэй харьцуулах ч юм биш. Зөвхөн өнгөрсөн жилтэй харьцуулахад л ойн түймэр 5 дахин, хээрийн түймэр 1.2 дахин ихэсжээ.
Ойн 135 түймрийн 90 нь Сэлэнгэд гарч, тус аймгийн засаг дарга нутаг дэвсгэрээ бүхэлд нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Одоо ч өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна. Энэ зун Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв аймаг гээд Монгол орны ойд модтой газраар голчлон түймэр дэгдсэн.

Тужийн нарсыг ойжуулах гэж ойчид яаж хуруу хумсаа хуйхаллаа даа. 1980-2023 он хүртэл нийт 324 мянган га талбайг ойжуулсны 24 мянган га нь Тужийн нарсных. Энд 4х2.5 м зайтайгаар, 1 га талбайд 2500 нарс суулгасан нь тун сайн ургасан юм. Гэвч 1986-2002 онд гарсан 7 удаагийн түймэр, модны хулгайч нарын хөрөөнд өртөн Тужийн нарсны 70% нь устсан. 1996 онд ОХУ-аас хил даван орж ирсэн түймэрт Тужийн нарс хуйхлагдсан. Нүцгэрсэн элсийг ойчид дахин модтой болгосон.
Гэвч дахиад энэ зун Тужийн нарсаа түймэрдчихлээ. Одоогоор хэчнээн га талбайг түймэрт алдаад байгааг хэн ч тодорхой мэдээлээгүй байна.
Агаар хуурай, түймэр гарах эрсдэл өндөр байгааг хүн бүр мэдэж байгаа атлаа тамхины иш, шатаасан хогоо унтраахаас эхлээд хариуцлагатай байж чадсангүй. 204 түймрийн 73-ынх нь шалтгааныг цагдаагийн байгууллага тогтооход, бүгдэд нь хүн буруутай байлаа. Үнэхээр хэлэх ч үг алга.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөө зарлаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 84 сая мод тарьжээ. Энэ түймэрт хэр олон мод шатсаныг ширхгээр нь байтугай талбайгаар нь гаргасан тоо одоогоор алга. 5-р сарын 28-ны байдлаар ойн 65.768 га, хээрийн 565.569 га талбай шатсан. 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түүнээс хойш зунжин түймэр дэгдэж, хайран ой хуйхлагдлаа шүү дээ.
Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хоёр дахь шат эхэлсэн. 2021-2024 онд үндсэн бэлтгэлээ хангасан. Өнөө жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь мод тарьж эхлэх учиртай ч тийм юм харагдахгүй л байна. 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, 570 сая, гурав дахь шат буюу 2028-2030 онд 850 сая мод тарьж, ургуулна гэж төлөвлөсөн юмсан, уг нь. Өнгөрсөн гурван жилд тарьсан нийт модтойгоо харьцуулбал ирэх гурван жилд 7 дахин, сүүлийн гурван жилд бүр 10 дахин олныг тарина. Тэгэхгүй л бол тарих гэж ядаж байхад түймэрдээд дууслаа шүү дээ.
