Лхагва гарагт ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийн санаачилгын дагуу Европын удирдагчид, Украин болон АНУ-ын төрийн тэргүүнүүд цахимаар хуралдав. Энэ хуралдааны гол зорилго нь Украины дайныг өндөрлүүлэх энхийн хэлэлцээр болон газар нутгийн асуудлыг хэлэлцэхэд оршсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү цахим хуралдааны дараа Вашингтон хот дахь Кеннедигийн төвд зохиогдсон арга хэмжээний үеэр зарим мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Аляскийн уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд хийж буй дайнаа зогсоохыг зөвшөөрөхгүй тохиолдолд ОХУ маш хэцүү, ноцтой үр дагавартай нүүр тулах болно” хэмээн анхааруулсан байна.
Түүнээс сэтгүүлчид “Хориг арга хэмжээ юү, тариф уу” гэж асуухад тэрээр тодруулалгүй, “Ноцтой үр дагавартай тулгарах болно” гэж хариулсан байна. Мөн тэрээр “Хэрвээ уулзалт эерэг үр дүнтэй явагдвал бид Путин, Зеленский нарын хоорондох хоёр дахь шатны уулзалтыг зохиох болно. Хэрвээ тэд хүсвэл би байлцаж болно” гэжээ.
Лхагва гаргийн цахим хуралдааны үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский аливаа гал зогсоох болон энхийн яриа хэлэлцээ, нутаг дэвсгэрийн халдашгүй байдлын асуудалд Украин улс заавал оролцох ёстой гэсэн байр сууриа хатуу илэрхийлж, мөн гурван талт яриа хэлэлцээнд бэлдэхийг хүсэж байгаагаа хэлжээ.
Цахим хурлын талаар мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Украин улсын бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэрийн асуудлыг зөвхөн Украины Ерөнхийлөгч хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэдэг дээр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп санал нэгдсэн” хэмээн хэлсэн байна.
