Дэлхийн хүн дүрст роботуудын спортын тэмцээн Бээжин хотноо нээгдлээ


“The World Humanoid Robot Games” буюу Дэлхийн хүн дүрст роботуудын спортын тэмцээн пүрэв гарагт Бээжин хотноо нээгдсэн байна.

БНХАУ-ын нийслэл хотын захиргаа болон бусад байгууллагуудын хамтрын зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь хүн шиг хэлбэр дүрстэй роботуудын чадавхийг нэмэгдүүлэх Хятад улсын зорилго, хүчин чармайлтын хүрээнд болж байна.

Хятадын засгийн газар 2027 он гэхэд тус улсын хүн дүрст роботын түвшинг дэлхийн дээд түвшинд хүргэх зорилтыг тавьсан байна. Тэмцээний нээлтийн ёслолд Хятад, Япон зэрэг 16 орны компаниуд болон оюутнуудын бүтээсэн роботууд цуваагаар жагсан алхаж оролцсон байна. Мөн Бээжин хотод байрлах нэгэн компанийн бүтээсэн хүн дүрст робот тэмцээнд оролцогчдыг зарлан танилцуулсан байна. Ингэхдээ “хүн төрөлхтний хүсэл зоригийг өвлөн авч, шинжлэх ухаан, технологи, оюун ухааныг ашиглан ирээдүйн төлөө өрсөлдөх болно” хэмээн тунхагласан байна.

Нээлтийн ёслолын арга хэмжээний дараа роботууд төрөл бүрийн спортын тэмцээнд оролцсон бөгөөд хөлбөмбөгийн үеэр хоорондоо мөргөлдөн унах роботууд үзэгчдийг хөгжөөсөн байна.

Харин баасан гарагт шагналын төлөөх жинхэнэ тэмцээнүүд эхлээд байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 500 гаруй робот гүйлт, хөлбөмбөг, бүжиг, тулааны урлаг гэх зэрэг спортын 26 төрөлд өрсөлдөхөөр болжээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *