ОХУ, Украин улсууд Трамп-Путины уулзалтын өмнө 84 хоригдол цэрэг харилцан солилцлоо


ОХУ, Украин улсууд Трамп-Путины уулзалтын өмнөх өдөр буюу пүрэв гарагт хоёр талаасаа тус бүр 84 хоригдол цэрэг болон олзны хүмүүсийг харилцан солилцсон байна.

Орост удаан хугацаанд хоригдсон, 2022 онд Оросын талд эзлэгдсэн Мариуполь хотыг хамгаалж байсан цэргүүд болон мөн олзлогдсон иргэд нутагтаа буцаж ирсэн талаар Киевийн зүгээс мэдэгджээ.

Нутагтаа буцаж ирсэн зарим иргэд 2014, 2016, 2017 онуудад Оросын талд олзлогдон хоригдож байсан хүмүүс байсан талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский өөрийн Х хуудсанд нийтэлжээ. Мөн тэрээр “хоёр талын хооронд олзны хүмүүс, хоригдол цэргүүдийг цаашдаа ч олноор нь солилцох болно” гэсэн байна.

Энэ удаад ийнхүү цөөн тооны хүмүүсийг харилцан солилцсон бол 5, 6-р саруудад Туркийн Истанбул хотод явагдсан хоёр талын гал зогсоох яриа хэлэлцээний дараа олзны хүмүүсийг олон зуугаар нь харилцан солилцож байсан юм.

Өнгөрсөн сард зохиогдсон хамгийн сүүлийн яриа хэлэлцээгээр хоёр тал 1200 хоригдол солилцохоор тохиролцсон бөгөөд Москвагийн зүгээс мөн Киевт 3000 цэргийн цогцсыг хүлээлгэн өгөх саналыг тавьсан билээ.

Харин энэ удаагийн хоригдол цэрэг, олзны хүмүүсийн харилцан солилцоог Арабын Нэгдсэн Эмират Улсын зуучлалын дагуу явуулсан болохыг ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс телеграм хуудсандаа мэдээлж, нутагтаа ирсэн Оросын цэргүүд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ авч эхлээд байгаа талаар мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *