Серби улсад ахин жагсагчдын хооронд мөргөлдөөн гарлаа


Пүрэв гарагт Серби улсад үзэл бодлын зөрөлдөөнтэй жагсагчдын хооронд ахин мөргөлдөөн гарсан талаар тус улсын цагдаагийн газраас мэдэгдлээ.

Тус улсад өнгөрсөн оны 11-р сараас хойш авлигын эсрэг жагсаал цуглаан үе үе болж, үргэлжилсээр байгаа бөгөөд энэ удаад авлигын эсрэг жагсагчид Сербийн хэд хэдэн хотуудад жагсч эхлээд байна.

Нийслэл Белград хотын хойд зүгт орших Врбас хотод мягмар гарагт болсон засгийн газар болон авлигын эсрэг жагсаалд оролцогчид руу эрх баригч намын дэмжигчид дайрсан бол лхагва гарагт жагсагчид руу ихэнх нь нүүрээ халхалж, баг зүүсэн засгийн газрыг дэмжигч олон тооны иргэд дайрч, тэд хоорондоо чулуу, лонх шидэлцэж, салютаар буудах гэх зэргээр мөргөөлдөөн үүссэн байна. 

Харин пүрэв гарагт жагсагчид эрх баригч Сербийн прогрессив намын Новы Сад хот дахь төв байр болон өөр бусад хоёр салбар байрууд луу дайран орж, эвдэлж сүйтгэсэн талаар Сербийн RTS суваг мэдээлжээ. Нийслэл Белград хотод мөн жагсагчид засгийн газрын байрууд болон армийн төв байрны гадна олноороо цугларан жагсч, үргэлжлээд эрх баригч намын төв байр луу хөдөлсөн байна.

Гэвч хэв журмын цагдаа нар жагсагчдыг нулимс асгаруулагч ашиглан тараасан бөгөөд Сербийн дотоод хэргийн сайд Ивича Дачич пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “оюутнуудын тайван эсэргүүцлийн жагсаал үгүй болж, жагсагч иргэд зөвхөн хүчирхийлэлд өдөөн хатгаж байна, энэ бол төрийн эсрэг халдлага юм” хэмээн ярьжээ.

Лхагва гарагт цагдаа нар улсын хэмжээнд 50 орчим жагсагчийг баривчилсан бол мөн хэв журмын 30 орчим цагдаа бэртэж гэмтсэн байна. Харин пүрэв гарагт 5 цагдаа гэмтэж, 14 жагсагчийг баривчилсан талаар дотоод хэргийн сайд мэдэгджээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн жил Новы Сад хотын вокзалын барилгын төв хаалганы дээрх шилэн тавцан нурснаар олон хүн амиа алдсаны дараа тэрхүү барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн төрийн компанийг шалгаж, уг хэргийг мөрдөх ажлыг үнэн зөвөөр явуулж, шударга ёсыг хэрэгжүүлэхийг Сербийн ард түмэн засгийн газраас шаардаж, ерөнхийлөгч Александар Вучичийг нэгдсэн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахыг уриалан, эсэргүүцлийн жагсаал тасралтгүй зохион байгуулж дарамт шахалт үзүүлсээр байгаа юм.

Өнгөрсөн 9 сарын хугацаанд иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан тайван байдлаар өрнөхдөө олон зуун мянган хүнийг хамарсан томоохон жагсаал болж байсан бол энэ долоо хоногийн жагсаалууд хүчирхийллийн шинжтэй болж эхлээд байгаа нь 13 жил төр засгийн эрхийг барьсан ерөнхийлөгч Вучичийн популист засгийн газрын нөхцөл байдал ганхаж эхэлж байгааг харууллаа хэмээн ажиглагчид үзэж байна.

Александар Вучичийн хувьд хугацаанаас нь өмнө сонгууль явуулахыг удаа дараа эсэргүүцэж, засгийн газрын эсрэг жагсаалыг буруушааж, түүнийг унагахыг оролдож буй гадны явуулга хэмээн мэдэгдсээр байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *